• Apex Capital
  • Posts
  • Чипийн салбарын эргэн тойронд 💸

Чипийн салбарын эргэн тойронд 💸

Гадаад зах зээлийн судалгаа #71

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тоймыг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Market Update

🇺🇸🇮🇷 АНУ–Иран: АНУ Ираны эсрэг хоёр дахь өдрөө дараалан цэргийн цохилт өгч, Ормузын хоолойн усан тээврийн аюулгүй байдалд заналхийлж буй Ираны чадавхыг сулруулах зорилгоор агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн радар, хөлөг онгоцны эсрэг пуужингийн байгууламжуудыг онилсон байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг олон улсын усан замд халдсан хэмээн буруутгаж, шаардлагатай бол дахин цохилт өгөхөө мэдэгдсэн бөгөөд үүний дараа Brent газрын тосны үнэ 🛢️ түр хугацаанд баррель нь $79 хүрч өсөв. 📈

🤝 Хэлэлцээ: АНУ, Иран хоёр харилцан гал зогсоох санамж бичгийг зөрчсөн гэж бие биеэ буруутгаж байгаа бөгөөд цөмийн хэлэлцээ, Ормузын хоолойн зохицуулалт , Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх асуудлаарх яриа хэлэлцээ түр зогсонги байдалд орж, бүс нутгийн хурцадмал байдал 🌍⚠️ дахин нэмэгдэх эрсдэлтэй хэвээр байна.

💻📉 Хөрөнгийн зах зээл: Мягмар гарагт Samsung компанийн улирлын тайлан гарч, санхүүгийн үзүүлэлтүүд нь сайн 📊 байсан ч хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Үүнтэй зэрэгцэн Apple компани Хятадын 🇨🇳 чип үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж болзошгүй гэх мэдээлэл гарснаар АНУ 🇺🇸 болон БНСУ 🇰🇷-ын чип үйлдвэрлэлийн хувьцаанууд энэ долоо хоногийн эхээр уналттай байв. Харин Хятадын технологи, тэр дундаа чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өсөлттэй байна.

🚀 SK Hynix: 7-р сарын 10-нд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix Nasdaq бирж дээр $28 тэрбумын ADR гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд анхдагч захиалга санал болгосон хэмжээнээс 7 дахин давсан нь AI чипийн эрэлт өндөр 🔥 хэвээр байгааг харуулж байна. 📈

S&P 500: Сүүлийн 7 хоногийн хамгийн өсөлттэй 🟢 бол уналттай 🔴 хувьцаанууд.

Samsung-ийн ашиг огцом өссөн ч зах зээлийн үнэлгээ нь $80 тэрбумаар буурлаа

📊Samsung Electronics 2026 оны II улирлын урьдчилсан тайлангаар үйл ажиллагааны ашиг 89.4 их наяд вонхүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19 дахин өссөн бөгөөд шинжээчдийн 87.3 их наяд воны таамгийг давлаа. ✅ Орлого мөн жилийн өмнөхөөс 129%-иар өсөж, 171 их наяд вонд хүрэх төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч энэхүү эерэг үзүүлэлтүүд зах зээлийн өндөр хүлээлтийг бүрэн хангаж чадсангүй. II улиралд DRAM болон NAND санах ойн чипийн дундаж борлуулалтын үнэ тус тус 44% болон 53%-иар өссөн ч хөрөнгө оруулагчид AI-ийн өсөлтийн мөчлөгийн тогтвортой байдалд эргэлзэж эхэлсэн байна. 🤔 Үүний улмаас Samsung-ийн хувьцааны ханш мягмар гарагт 6.9%-иар, SK Hynix-ийн хувьцаа 6%-иар буурч, KOSPI индекс 4.9%-ийнуналт үзүүлэв. 📉 Ингэснээр Samsung-ийн зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 80 гаруй тэрбум ам.доллараар буурлаа. 💸

Шинжээчдийн үзэж буйгаар Samsung-ийн ашигт ажилчдын урамшууллын зардал ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэхүү нэг удаагийн зардлыг хасвал үйл ажиллагааны ашиг 100 их наяд воноос давах боломжтой байсан аж. Нөгөө талаар AI-д ашиглагддаг өндөр хурдны HBM (High Bandwidth Memory) санах ойн чипийн үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа HBM-д төвлөрүүлж, уламжлалт DRAM болон NAND-ийн нийлүүлэлт хумигдсан нь эдгээр бүтээгдэхүүний үнийг өндөр түвшинд хадгалахад дэмжлэг үзүүлж байна. ⚙️📈

Харин Samsung-ийн Foundry болон System LSI бизнесүүдийн алдагдал нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд ажилчдын урамшууллын зардлыг бүх хагас дамжуулагчийн нэгжүүдэд хуваарилсан нь ашигт ажиллагаанд нэмэлт дарамт болжээ. Үүний зэрэгцээ Samsung болон SK Hynix компаниуд AI-ийн урт хугацааны эрэлтийг тооцоолон олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө танилцуулсан ч, зах зээл AI-ийн эрэлт ирээдүйд саарах тохиолдолд илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадал үүсэх эрсдэлд анхаарал хандуулж эхлээд байна. 🤖⚠️

Apple Хятадын дотоод санах ойн чипийг туршиж эхэлснээр Хятадын чип үйлдвэрлэгчдийн хувьцаанууд өсөв

🍎Apple компани Хятадын зах зээлд борлуулах төхөөрөмжүүддээ зориулан төрийн дэмжлэгтэй санах ойн чип үйлдвэрлэгч ChangXin Memory Technologies (CXMT)-ийн DRAM чипийг туршиж эхэлсэн тухай мэдээлэл гарсны дараа Хятадын хагас дамжуулагчийн салбарын хувьцаанууд огцом өсөв. 📈 Мөн Apple АНУ-ын технологийн компаниудын хамтаар CXMT-ийн бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээнд ашиглах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр лобби хийж байгаа талаар мэдээлэгдсэн нь Хятадын дотоод нийлүүлэлтийн сүлжээний ирээдүйн төлөвт эерэг хүлээлт үүсгэлээ. Үүний нөлөөгөөр Hua Hong Semiconductor-ийн хувьцаа өдөрт 14%, Brite Semiconductor (Canxin) 20%, Skyverse Technology 15%, Kingsemi 10%, Wuhan Jingce Electronic Technology 13%-иар тус тус өссөн байна.

⚙️Энэхүү үйл явдал нь АНУ-ын экспортын хязгаарлалт үргэлжилж байгаа хэдий ч Хятадын санах ойн чип үйлдвэрлэлийн салбар олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгааг харуулж байна. CXMT нь одоогоор дэлхийн дөрөв дэх том DRAM үйлдвэрлэгч болоод байгаа бөгөөд ойрын жилүүдэд дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлын эзлэх хувиа улам тэлэх төлөвтэй байна. Хэрэв Apple цаашид CXMT-ийн чипийг албан ёсоор бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлбэл энэ нь Хятадын хагас дамжуулагчийн салбарын хувьд томоохон эргэлтийн цэг 🔄 болж, дотоодын технологийн компаниудын өсөлтийг хурдасгах чухал хүчин зүйл болох боломжтой юм. 🚀

🇺🇸 АНУ NVIDIA-ийн AI чипийн Хятад дахь борлуулалтыг хэсэгчлэн нээв

🖥️АНУ-ын Засгийн газар NVIDIA-ийн H200 AI чипийг тодорхой лицензийн хүрээнд Хятадын зарим компанид худалдахыг зөвшөөрөөд байна. Эхний ээлжид Alibaba, ByteDance, DeepSeek зэрэг тэргүүлэх AI компаниуд хязгаарлагдмал тооны H200 чип худалдан авах боломжтой болох төлөвтэй байгаа ч эцсийн нийлүүлэлтийн хэмжээ нь эрэлт хэрэгцээг бүрэн хангахгүй, хязгаарлагдмал хэвээр байх төлөвтэй байна.

⚖️Энэхүү шийдвэр нь АНУ экспортын хяналтаа бүрэн сулруулсан гэсэн үг биш бөгөөд зөвхөн лицензтэй, хязгаарлагдмал борлуулалтыг зөвшөөрсөн зохицуулалт юм. NVIDIA-ийн хувьд Хятадын зах зээл нь дата төвийн бизнесийн хамгийн том зах зээлүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд урт хугацааны экспортын хоригийн улмаас тус компани өмнө нь хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан. Хэрэв H200-ийн борлуулалт бодитоор сэргэвэл NVIDIA-ийн орлого өсөхөөс гадна SK Hynix, Samsung, Micron зэрэг HBM санах ойн чип үйлдвэрлэгчдийн эрэлтэд мөн эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. 📈

SK Hynix-ийн АНУ дахь арилжаа 7 сарын 10-нд эхлэнэ  

📈SK Hynix-ийн хувьцаа пүрэв гарагт 5.30%-иар өсөлттэй арилжаалагдаж, энэ долоо хоногт AI чипийн салбарын уналтын дараах хүчтэй сэргэлт үзүүллээ. Энэхүү өсөлтөд компанийн $28 тэрбумын хэмжээтэй АНУ-д хийх ADR (American Depositary Receipt) санал болголтын мэдээлэл голлон нөлөөлсөн байна. 🚀

💰Тус компанийн ADR нь 7-р сарын 10-нд Nasdaq бирж дээр арилжаалагдаж эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд анхдагч захиалга санал болгосон хэмжээнээс 7 дахин давсан нь хөрөнгө оруулагчдын өндөр сонирхол болон AI чипийн эрэлт хүчтэй хэвээр байгааг харуулж байна. 📊

ADR (American Depositary Receipt) гэдэг нь АНУ-ын хөрөнгө оруулагчид гадаадын компанийн хувьцааг АНУ-ын хөрөнгийн бирж дээр худалдах, худалдан авах боломжийг олгодог үнэт цаас юм.

“Таны мэдлэгт”

Томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол хэр өндөр байна вэ? 🧐

📈Анхдагч захиалга санал болгосон хэмжээнээс 7 дахин давсан нь AI санах ойн чипийн эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна. АНУ-ын томоохон Baillie Gifford, Coatue Management, Situational Awareness Partnersзэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангууд нийлээд $7 тэрбум хүртэлх хэмжээний ADR худалдан авах санал өгсөн байна.

🏭 SK Hynix нийт 17.79 сая шинэ хувьцааг ADR хэлбэрээр санал болгож байгаа бөгөөд энэ нь нийт хувьцааны ойролцоогоор 2.5%-тай тэнцэнэ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг хиймэл оюун ухааны серверүүдэд ашиглагддаг HBM чипийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах зорилгоор үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

Энэ нь хэр ач холбогдолтой вэ? 🤑

🚀Энэхүү хөрөнгө босголт нь АНУ-ын зах зээл дээр гадаадын компанийн хийсэн хамгийн том хувьцааны санал болголтуудын нэг болох төлөвтэй байна. Nasdaq-д бүртгүүлснээр АНУ-ын хөрөнгө оруулагчдын арилжааны хүртээмж, хөрвөх чадвар сайжрахаас гадна ирээдүйд Nasdaq 100 зэрэг индексүүдэд багтаж, индекс дагадаг ETF-үүдээс хөрөнгө татах боломж нэмэгдэх хүлээлттэй байна. 📊

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰