- Apex Capital
- Posts
- 📢 SpaceX компанийн хоёрдогч арилжаа маргааш эхэлнэ.
📢 SpaceX компанийн хоёрдогч арилжаа маргааш эхэлнэ.
Гадаад зах зээлийн судалгаа #67

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм, хөрөнгө оруулах боломжтой компанийн судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
🇺🇸 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 🇮🇷 Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж, “бид өчигдөр хүчтэй цохилт өгсөн, өнөөдөр дахин хүчтэй цохилт өгнө” хэмээн хэлсэн байна.
Энэ мэдэгдэл нь АНУ Ираны эсрэг “өөрийгөө хамгаалах” зорилготой цохилт өгсөнтэй холбоотойгоор гарсан бөгөөд Трамп Ираныг энхийн хэлэлцээрийг удаашруулж байна гэж буруутгажээ.
Тэрээр мөн Иран цөмийн зэвсэгтэй болохыг АНУ хэзээ ч зөвшөөрөхгүй гэж онцолж, Ираны цэргийн чадавхын “ихэнх нь устгагдсан” гэж мэдэгдсэн байна.
⚠️ Цаашлаад Ираны эрчим хүчний дэд бүтэц 🏭 болон гүүрүүдийг онилох магадлалтай гэсэн мэдээлэл гарсан нь дэлхийн эрчим хүчний зах зээлд шинэ айдас үүсгэлээ.
🤔 Хэдхэн хоногийн өмнө Иран, Израиль хоёр харилцан цохилтоо зогсоох тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл гарч, энхийн хэлэлцээрийн найдвар бий болоод байсан. Гэвч энэ найдвар богино хугацаанд замхарч, зах зээл дахин геополитикийн эрсдэлийг үнэлж эхэллээ.
🔍️ Орлогын өсөлт хүчтэй байсан боловч хувьцааны ханш уналаа 📉

Oracle компанийн санхүүгийн жилийн 2027 оны IV улирлын тайлангаа танилцууллаа.
💵 🧮Орлогын тайлан:
• Орлого $19.18 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.6%-иар өссөн байна. Энэхүү өсөлтөд үүлэн технологийн орлого 43%-иар, үүлэн технологийн дэд бүтцийн орлого 93%-иар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин программ хангамжийн орлогын сегмент 2%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
• Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $2.11 хүрч, Wall Street-ийн шинжээчдийн хүлээлт болох $1.96-аас өндөр үзүүлэлттэй гарлаа.
• Үйл ажиллагааны ашгийн маржин 32% байсан нь өмнөх оны мөн үеийн түвшинтэй ижил байв.
• Цэвэр мөнгөн урсгал өмнөх оны мөн үед -$11.48 тэрбум байсан бол тайлант хугацаанд -$23.69 тэрбум болж буурсан байна.
• Нэхэмжилсэн орлогын хэмжээ улирлын эцэст $23.53 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 44.6%-иар өссөн үзүүлэлттэй байв.
🔮 Ирээдүйн төлөв: Компанийн удирдлага ирэх улирлын орлогыг дунджаар $19.11 тэрбум байна гэж төсөөлж байгаа бөгөөд бүтэн жилийн орлогын төлөвөө $90 тэрбум хэвээр үлдээжээ.
🧾 Ирээдүйд гүйцэтгэх захиалга (Remaining Performance Obligation - RPO): 2025 оны хоёрдугаар хагасаас эхлэн Oracle-ийн хүлээгдэж буй захиалгын хэмжээ эрчимтэй өссөн. Тайлант хугацааны байдлаар RPO хэмжээ $638 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 🚀 372%-иар өссөнөөр компанийн түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэхүү өсөлт нь Oracle-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өндөр хэвээр байгааг илтгэхийн зэрэгцээ ирээдүйн орлогын өсөлтийн хүлээлтийг дэмжих чухал үзүүлэлт болж байна.
💸 Нэмэлт санхүүжилт: Oracle нь 2026 оны санхүүгийн жилд нийт $40 тэрбумын өрийн санхүүжилт болон $5 тэрбумын хувьцааны санхүүжилт татан төвлөрүүлсэн. Мөн тайландаа цаашид нэмэлтээр $40 тэрбумын санхүүжилтийг өр болон хувьцаа гаргах замаар босгохоор төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд энэ нь өмнө нь төлөвлөж байсан $20 тэрбумаас хоёр дахин өндөр дүн юм.
🧐 Дүгнэлт: Сүүлийн таван жилийн хугацаанд Oracle-ийн борлуулалтын орлого жилд дунджаар 10.7%-иар өссөн байна. Энэ улирлын 📈 20.6%-ийн орлогын өсөлт болон удирдлагын танилцуулсан ирэх улирлын хүчтэй өсөлтийн төлөв нь бизнесийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа гол асуудал нь программ хангамжийн орлогын сегментийн өсөлт тогтворгүй хэвээр байгаа болон компанийн зүгээс нэмэлт хөрөнгө босгохоор төлөвлөж буй явдал юм. Ийнхүү орлогын үзүүлэлт болон бизнесийн суурь нөхцөлүүд сайн байсан хэдий ч тайланг танилцуулсны дараа хувьцааны ханш 10.43%-иар унасан 📉 байна.
📰 Тайлангаас цааш: Oracle компани 🏛️ АНУ-ын Засгийн газрын Хүний нөөцийн удирдлагын албанаас (OPM) холбооны байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах шинэ платформ хөгжүүлэхтэй холбоотой $400 саяын гэрээ байгууллаа 💸 . Энэхүү гэрээ нь Oracle-ийн төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, компанийн үүлэн технологийн шийдлүүдийн эрэлт өндөр байгааг дахин харуулсан үйл явдал болов.
📢 🚀 SpaceX компанийн арилжааны мэдээлэл

📝 IPO-ийн мэдээлэл
• IPO-оор нийт $75 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
• Нийт гаргах хувьцааны тоо 555.6 сая ширхэг бөгөөд нэгж хувьцааны санал болгож буй үнэ $135 байна.
• Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа 2026 оны 6 сарын 12-ны өдөр Nasdaq бирж дээр арилжаалагдаж эхлэнэ. /Nasdaq бирж нь монголын цагаар оройн 21:30-04:00 цагын хооронд ажилладаг/
• IPO-ийн дараах компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $2 их наяд давах төлөвтэй байна.
Захиалгын нөхцөл байдал
• Одоогийн байдлаар IPO-ийн захиалгын хэмжээ санал болгосон дүнгээс дөрөв дахин давж 🤯 , өндөр эрэлттэй байгааг харуулж байна.
• 🇯🇵 Япон улсын жижиг хөрөнгө оруулагчдын эрэлт хүлээлтээс давсан тул SpaceX тус улсын зах зээлээс татан төвлөрүүлэх хөрөнгийн зорилтот хэмжээг 25%-иар нэмэгдүүлж, $2.5 тэрбумд хүргэсэн байна.
• ❌ 🇨🇳 Нөгөө талаас, IPO-г удирдан зохион байгуулж буй андерайтер хөрөнгө оруулалтын банкууд зохицуулалтын болон геополитикийн эрсдэлийг харгалзан Хонг Конг болон БНХАУ-ын хөрөнгө оруулагчдаас захиалга авахгүй байх шийдвэр гаргажээ.
🧮 Санхүүгийн үзүүлэлт
• 2026 оны I улирлын байдлаар SpaceX $4.28 тэрбумын цэвэр алдагдалтай ажилласан байна.
• Компанийн хамгийн том хөрөнгө оруулалт болох Starship төслийн хөгжүүлэлтэд өнөөдрийг хүртэл $15 тэрбум гаруй хэмжээний хөрөнгө зарцуулсан бөгөөд зөвхөн 2025 онд $3 тэрбум орчмыг тус төсөлд зарцуулжээ.
• Иймээс компанийн одоогийн үнэлгээ нь өнөөгийн ашигт ажиллагаанаас илүүтэйгээр Starlink-ийн өсөлт, Starship төслийн арилжааны амжилт болон урт хугацааны сансрын эдийн засгийн боломжуудад суурилж байна.
📊 Макро мэдээ: АНУ-ын инфляцын үзүүлэлт
5 сарын инфляцын тайлангаар:
Нийт хэрэглээний үнийн индекс (CPI) сарын дүнгээр 0.5% өссөн 📈.
Жилийн дүнгээр инфляц 4.2% хүрч, 2023 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр 📈 түвшинд очсон.
Core CPI буюу хүнс, эрчим хүчийг хассан суурь инфляц сарын дүнгээр 0.2%, жилийн дүнгээр 2.9% гарсан.
Онцлох нь эрчим хүчний үнэ жилийн дүнгээр 23.5%-иар өссөн бол бензиний үнэ 40.5%- иар өссөн байна. Энэ нь америк хэрэглэгчдийн хувьд шатахууны үнэ эрс өссөнийг харуулж байна. Гэсэн хэдий ч суурь инфляц болох эрчим хүчний үнийн өсөлтөөс бусад бараа, үйлчилгээний инфляц тогтвортой хэвээр байна.
Мэйлээ дуустал уншсан танд зориулав 😉


SMCI-ийн ханш олон сарын турш үргэлжилсэн уналтын трендийн шугамаа амжилттай давж, өсөх сууриа бүрдүүлж эхлээд байна. Мөн өмнө нь хүчтэй эсэргүүцэл болж байсан $46-$49 бүсийг давж чадвал дараагийн зорилтот түвшин нь $57 орчимд байрлаж байгаа бөгөөд энэ нь өмнөх нийлүүлэлтийн бүс болон үнийн чухал эсэргүүцэлтэй давхцаж байна.
Нөгөө талаас $49 орчим бүсийг давж чадахгүй тохиолдолд богино хугацааны ашиг түгжих хөдөлгөөн явагдаж, ханш $41 орчим дэмжлэгийн бүсийг дахин шалгах магадлалтай. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар өсөх трендийн шугам хадгалагдаж байгаа нь дунд хугацааны өсөх хандлага хэвээр байгааг илтгэж байна. Иймд техник шинжилгээний хувьд SMCI нь уналтын мөчлөгөөс гарч, өсөлтийн мөчлөг рүү шилжиж буй дүр зураг ажиглагдаж байна.
Харилцагч та компанитай холбоотой дэлгэрэнгүй судалгаатай доорх линкээр орж танилцана уу 💁🏻♀️.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰




