• Apex Capital
  • Posts
  • SMCI +19% 🚀: Шингэн хөргөлтийн зах зээлийн 3 дахин өсөх хүлээлт

SMCI +19% 🚀: Шингэн хөргөлтийн зах зээлийн 3 дахин өсөх хүлээлт

Гадаад зах зээлийн судалгаа #75

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар тайлангийн улирал эхэлсэнтэй холбоотой томоохон компаниудын тайлан болон хөрөнгийн зах зээлийн тоймыг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Market Update

  • 🛢️ Газрын тосны зах зээл сэргэж, WTI мягмар гарагт 2.4%-иар өсөж, $84 орчимд хүрэв. Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нь үнийг дэмжсэн бол АНУ–Ираны хэлэлцээ болон Оросын нефть боловсруулах үйлдвэрт болсон дроны халдлага зах зээлийн хэлбэлзлийг нэмэгдүүллээ. Лхагва гарагт WTI $82.7 орчимд арилжаалагдаж байна.

  • 📈 Алт: Өсөлт үргэлжилж, унц нь $4,400 орчимд хүрч сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрлээ. БНХАУ-ын төв банк 7 дугаар сард нөөцөө 20 орчим тонноор нэмэгдүүлсэн нь 2023 оны 10 сараас хойших хамгийн том сарын худалдан авалт болов.

  • 🇺🇸 АНУ-ын макро үзүүлэлт: 7 дугаар сард АНУ-ын эдийн засаг 23,000 ажлын байраар цөөрсөн нь 80,000 нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн эсрэг гарав. Лхагва гарагт зарлагдсан инфляц жилийн 3.4% болж буурч (суурь инфляц 2.5%), 9 дүгээр сард хүү нэмэх магадлал суларлаа.

  • 📊 Хөрөнгийн зах зээл: Өнгөрсөн долоо хоногт S&P 500 түүхэндээ анх удаа 7,700 давж, 3.6%, Nasdaq 5.2% өссөн нь 4 сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болов. Энэ долоо хоногийн эхээр Ираны тодорхойгүй байдлаас болж буурсан ч, лхагва гарагт инфляцын таатай мэдээгээр эргэн өсөлттэй хаагдав.

  • 🇺🇸АНУ–🇨🇳БНХАУ-ын харилцаа: БНХАУ-АНУ-ын технологийн хязгаарлалтуудад хариу болгож зохицуулалттай сөрөг арга хэмжээнүүд авч байгаа бол АНУ-ын Сенат Орос, Ираны эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээний хууль батлав. Эдгээр нь Ши Жиньпиний 9 сарын 24-ний Вашингтоны айлчлалын өмнөх хэлэлцээрийн хөзөр гэж шинжээчид үзэж байна.

📊 S&P 500: ХАМГИЙН өсөлттэй 🟢 болон уналттай 🔴 

⚙️ Сүүлийн 5 арилжааны өдөрт программ хангамж болон эрүүл мэндийн салбарын хувьцаанууд эерэг тайлан, ашгийн төсөөлөл сайжирсантай холбоотойгоор өсөлтийг тэргүүлэв. Мөн Ирантай холбоотой геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны үнэ өсөх хүлээлт үүсэж, эрчим хүчний салбар дэмжлэг авлаа.

🔴 Харин үл хөдлөх хөрөнгө, барилгын материал болон түүнтэй холбоотой жижиглэн худалдааны салбарууд өндөр моргейжийн хүү, орон сууцны борлуулалтын сулрал, барилгын өртгийн дарамтаас шалтгаалан харьцангуй сул гүйцэтгэл үзүүлэв.

Он гарснаар ХАМГИЙН өсөлттэй арилжаалагдаж буй 15 хувьцаа 🤑 

АНУ-ын 7-р сарын инфляц хөрөнгийн зах зээлийг тайвшруулав 😌 

Үндсэн инфляц (CPI): 3.4% /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/

Суурь инфляц (Core CPI): 2.5%. Хүнс болон эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон энэхүү үзүүлэлт 2.6 хувиас буурсан нь 2021 оны 3-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо. Сарын өмнөхтэй харьцуулахад 0.1%-иар өссөн байна.

Бүлгээр үзүүлсэн гол өөрчлөлтүүд 🧐 

  • ⛽️ Эрчим хүч: Олон улсын хурцадмал байдлаас шалтгаалж эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа ч өсөлтийн хурд саарч, жилийн 14.7%-ийн өсөлттэй байна. Шатахууны, бензиний үнэ жилийн дүнгээр 24.6%-иар өсжээ.

  • 🍞 Хүнсний бүтээгдэхүүн: Жилийн 3%-ийн өсөлттэй хэвээр тогтворжсон.

  • 📈Бусад өсөлттэй ангилал: Нислэгийн тийз +25.5%, эмнэлгийн үйлчилгээ болон орон сууцны зардал +3.2% тус тус өсөлт үзүүлэв.

  • 📉 Бууралттай ангилал: Жороор олгох эм бэлдмэл болон автомашины даатгалын үнэ өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Шинжээчид мөрийцөж байна 🪙 

Өчигдөр буюу 8-р сарын 12 гарсан АНУ-ын инфляцын тайлан шинжээчдийн таамаглаж байсантай хол зөрүүгүй гарсан тул АНУ-ын Төв банк ирэх 9-р сарын хурлаар бодлогын хүүг өсгөхгүй, хэвээр үлдээх магадлал эрс өслөө.

Төв банкны хамгийн голчлон хардаг суурь инфляц жилийн 2.5% болж буурсан нь мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, үнийн өсөлт зорилтот 2% руу чиглэж буйг баталсан үр дүн болсон юм.

Эдийн засагчид одоогийн бодлогын хүү 3.5%-3.75% байгаа нь эдийн засгийг хангалттай хумьж байгаа тул дахин нэмэх нь үйлдвэрлэл болон хөдөлмөрийн зах зээлд хэт их хохирол учруулж болзошгүй гэж үзэж байна.

Шинжээчид 9-р сард Төв банк хүүгээ хэвээр үлдээх хэдий ч, хэрэв Ойрхи Дорнодын хурцадмал байдлаас шалтгаалж эрчим хүчний үнэ эргээд өсвөл 2026 оны эцэс гэхэд дор хаяж нэг удаа хүүг өсгөх шаардлага гарч магадгүй гэх таамгийг хэвээр хадгалж байна.

SMCI-ийн ашигт ажиллагаа 2 дахин нэмэгдлээ 🔥 

Super Micro Computer (NASDAQ: SMCI) 2026 оны санхүүгийн жилийн IV улирлын тайлангаа танилцуулж, 2027 оны орлогын төлөвөө зах зээлийн хүлээлтээс мэдэгдэхүйц өндөр түвшинд зарлалаа.

Орлого 93%-иар өсөв 🚀 

Улирлын орлого өмнөх оны мөн үеэс 93%-иар өсөж, $11.12 тэрбумд хүрсэн ч Wall Street-ийн $11.6 тэрбумын хүлээлтээс бага зэрэг доогуур гарлаа.

Ашигт ажиллагаа эрс сайжрав ✅ 

Тайлангийн хамгийн эерэг үзүүлэлт нь нийт ашгийн маржин 17.5%-д хүрсэн явдал байлаа. Энэ нь өмнөх оны 9.5%-иас огцом сайжирч, компанийн 15–17%-ийн урьдчилсан төсөөллөөс ч давсан үзүүлэлт юм.

Цэвэр ашиг 💰️ өмнөх оны $195 саяас $1.18 тэрбум болж 6 дахин өссөн бол нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг $1.70 болж, өмнөх оны $0.68-аас 150%-иар өсөв. Ийнхүү борлуулалтын өндөр өсөлт маржины сайжралтай хосолсноор компанийн ашигт ажиллагаа мэдэгдэхүйц бэхэжжээ.

Онцлох нь 📌Super Micro үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, автоматжуулалтад хөрөнгө оруулснаар дэлхийн хэмжээнд сард 6,000 гаруй серверийн rack нийлүүлэх хүчин чадалтай болсон нь liquid-cooled AI системийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах суурийг бүрдүүлж байна.

Ирээдүйн төлөв🔮:

  • 2026 оны санхүүгийн жилийн $39.1 тэрбумын орлоготой харьцуулахад 2027 оны орлогын төсөөллийн дундаж $68.5 тэрбум байгаа нь ойролцоогоор 75%-ийн өсөлт илэрхийлж байна.

  • 2027 оны I улирал(ирэх улирлын тайлан)-д орлого $14.5–15.5 тэрбум, EPS $1.01–1.10 байх төлөвтэй байгаа бол нийт ашгийн маржин 10.4–10.8% болж буурах хүлээлттэй байна.

  • Шинээр авсан захиалгын хэмжээ $60 тэрбумыг давж, backlog түүхэн дээд түвшинд хүрсэн бөгөөд ирээдүйн орлогын 80 гаруй хувийг AI-тэй холбоотой шийдлүүд бүрдүүлэхээр байна.

Хиймэл оюун ухааны дата төвийн дэд бүтцэд ашиглагдах бүтээгдэхүүн, шийдлүүдийн эрэлт эрчимтэй өсөж байгаа нь Super Micro-ийн орлогын өсөлтийг цаашид дэмжих төлөвтэй байна. Ирэх улирлуудын эерэг хүлээлт болон хүчтэй захиалгын нөлөөгөөр компанийн хувьцаа өчигдрийн арилжаагаар 19%-иар өсөв.

Энэ 7 хоногийн MARKET UPDATE видеогоо үзсэн үү. SMCI-ийн хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярьсан шүү 👀.

SMCI компанийн өсөлтийг дэмжиж буй гол чиглэлүүдийн нэг нь Liquid Cooling буюу шингэн хөргөлтийн систем юм. Тэгвэл энэхүү технологи гэж юу болох, AI дата төвийн дэд бүтцэд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн зах зээлийн хэмжээ нь хэр хурдтай тэлж байгааг доор дэлгэрүүлэн авч үзье.

Шингэн хөргөлтийн систем гэж юу вэ? 🤔 

AI серверүүдэд ашиглагддаг GPU болон бусад өндөр хүчин чадлын чипүүд асар их хэмжээний тооцоолол хийхийн зэрэгцээ их хэмжээний дулаан ялгаруулдаг. Уламжлалт дата төвүүд энэ дулааныг сэнс, агааржуулалтын системээр хөргөдөг байсан бол AI серверүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр зөвхөн агаараар хөргөх нь хангалтгүй болж байна. Иймээс Liquid Cooling буюу шингэн хөргөлтийн технологи ашигладаг.

Шингэн хөргөлтийн систем хэрхэн ажилладаг вэ? ⚙️

Энэ систем нь тусгай хөргөлтийн шингэнийг GPU, CPU зэрэг хамгийн их халдаг эд ангиудтай ойртуулан эргэлдүүлж, үүссэн дулааныг шууд шингээн гадагшлуулдаг. Ингэснээр серверүүдийг хэт халалтаас хамгаалахаас гадна илүү өндөр хүчин чадлаар тогтвортой ажиллуулах, нэг дата төвд илүү олон AI сервер байрлуулах, хөргөлтийн эрчим хүчний хэрэглээг бууруулах боломж бүрддэг.

Тиймээс AI дата төвүүдийн хүчин чадал өсөж, нэг тавиур(rack)-т суурилуулах GPU-ийн тоо нэмэгдэхийн хэрээр шингэн хөргөлт нь нэмэлт сонголт бус, AI дэд бүтцийн зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн болж байна.

Энэ зах зээлд хэр их мөнгө эргэлддэг вэ? 💸 

Үүний нөлөөгөөр дэлхийн шингэн хөргөлтийн зах зээл 2025 оны $3.7 тэрбумаас 2030 онд $11.5 тэрбумд хүрч, 5 жилийн хугацаанд 3 дахин тэлэх төлөвтэй байна. Зах зээлийн жилийн дундаж өсөлт (CAGR) 25.4% байх Bloomberg-ийн шинжээчдийн тооцоолол гарчээ.

Төгсгөлд нь 🪢 Super Micrо компанийн хувьд GPU сервер, rack-scale AI системүүдээ шингэн хөргөлтийн шийдэлтэй нэгтгэн нийлүүлдэг нь AI дата төвийн хөрөнгө оруулалтын өсөлтөөс шууд ашиг хүртэх гол давуу талуудын нэг юм.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл 💰