• Apex Capital
  • Posts
  • 📋🔍 Компаниудын улирлын тайлангуудын тойм (SHOP, PLTR, OSCR, LYFT, AMD, SMCI)

📋🔍 Компаниудын улирлын тайлангуудын тойм (SHOP, PLTR, OSCR, LYFT, AMD, SMCI)

Гадаад зах зээлийн судалгаа #26

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлангийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Дэлхийн шилдэг ХК-уудын 2025 оны 2-р улирлын тайлангууд гарч, хөрөнгийн зах зээлд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хөрөнгө оруулагчдын сайн мэдэх компаниудын тайлангийн хураангуйг энэ 7 хоногт бэлдлээ.

Онцлох үйл явдлууд

💲 2025 оны 8 р сарын 1‑ээс эхлэн АНУ худалдаа хийдэг 66 улсад том хэмжээний тариф тогтоосон: дундаж тариф 13.3%–аас 15.2% бол хамгийн өндөр тариф нь 41% хүртэл өсгөсөн. 


👔 Хөдөлмөр эрхлэлтийн болон ажиллах хүчний дарамт нэмэгджээ. 7-р сард АНУ-д ердөө 73,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь маш бага үзүүлэлт 🚨 боллоо. 


🏦 Холбооны Нөөцийн Сан 9-р сард хүү бууруулах магадлал 80% хүрлээ. 


📌 АНУ ерөнхийлөгч Д.Трамп: Чип болон хагас дамжуулагчийн компаниудад 100% тариф тогтоохоо мэдэгдсэн. АНУ-д үйлдвэрээ байгуулахаар бол мэдээж тарифаас чөлөөлөгдөнө гэж мэдэгдлээ.

Shopify Inc (NAS: SHOP) компанийн 2-р улирлын тайлан танилцуулагдсан бөгөөд тайлангийн дараа хувьцааны ханш +21.97%-р өслөө📈. Тайлан шинжээчдийн хүлээлтийг давж, 3-р улирлын төсөөллөө компанийн зүгээс дээшлүүлснээр хувьцааны үнэ огцом өсөлтийг үзүүлсэн юм.

Уг тайланд:

  • Орлогын өсөлт 31% хүрсэн

  • Чөлөөт мөнгөн гүйлгээний ашигт ажиллагаа (free cash flow margin) 16% байсан бөгөөд

  • Ингэснээр дараалан найм дахь улиралд хоёр оронтой хувьтай чөлөөт мөнгөн гүйлгээний ашигт ажиллагааг хадгаллаа.

  • Хойд Америк, Европ, Ази–Номхон далайн бүсүүдэд GMV (бараа эргэлт) болон орлогын өсөлт улирлаас улиралд нэмэгдсэн.

  • Европ нь онцгой амжилттай байсан бөгөөд валютын нөлөөг хассанаар GMV 42% өссөн.

Ирэх улирлын санхүүгийн төлөв(Outlook):

  • Орлогын өсөлт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 25%–29% өсөх төлөвтэй.

  • Нийт ашгийн хэмжээ (gross profit) жилийн суурьтайгаар 20%–24% өснө.

  • Үйл ажиллагааны зардал нь нийт орлогын 38%–39%-ийг эзлэхээр байна.

  • Хувьцаатай холбоотой урамшуулал (stock-based compensation) нь $130 сая байхаар тооцоолжээ.

  • Чөлөөт мөнгөн гүйлгээний ашигт ажиллагаа (free cash flow margin) 15%–19% байх төлөвтэй байна.

Энэхүү төлөв нь өмнөх таамаглал, тайлбаруудыг хүчингүй болгож буй бөгөөд хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, зах зээлийн оролцогчдод зориулсан шинэчилсэн хэтийн төлөв юм.

Palantir Technologies Inc. (NAS: PLTR) 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаа танилцуулснаар шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт үзүүлж, компанийн хувьцааны ханш тайлан гарснаас хойш 12%-иар өссөн байна 📈.

📊 Орлогын үзүүлэлт ба голлох зах зээл:

  • Компанийн нийт орлого $1 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 48%-иар өссөн байна. Энэхүү орлогын $733 сая буюу 72% нь АНУ-ын дотоод зах зээлээс бүрдсэн бөгөөд үүний дийлэнхийг төрийн байгууллагууд эзэлж байна.

  • Засгийн газрын байгууллагуудаас орсон орлого 42%-ийг бүрдүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 53%-иар нэмэгдэн $426 саяд хүрчээ.

  • Топ 20 худалдан авагч тус бүрээс дунджаар $74.7 саяын орлого олсон нь өмнөх оноос 30%-ийн өсөлттэй байна.

🌎 Орлого өсөхөд голлон нөлөөлсөн хүчин зүйл:

  • Компанийн зүгээс мэдэгдсэнээр, орлогын огцом өсөлтөд макро эдийн засгийн тодорхой бус байдал болон геополитикийн хурцадмал байдал голлон нөлөөлсөн байна. Энэхүү нөхцөл байдал нь төрийн байгууллагууд болон батлан хамгаалахын секторын программ хангамжийн хэрэгцээг эрс нэмэгдүүлжээ.

Palantir Tech нь 2025 оны эхний хагас жилд нийт $18.6 сая өртгөөр,

  • I улиралд 0.2 сая ширхэг

  • II улиралд 0.4 сая ширхэг
 хувьцаа зах зээлээс тус тус эргүүлэн худалдан авсан байна.

💡 Ирээдүйн орлогын төсөөлөл:

Компанийн 2025 оны бүтэн жилийн орлогын таамаглалыг өмнөх $3.89–$3.90 тэрбумаас $4.14–$4.15 тэрбум болгон нэмэгдүүлсэн бол ирэх улирлын орлогын хүлээлтээ $1.083–$1.087 тэрбум болгон өсгөсөн байна. Энэхүү шинэчилсэн төсөөлөл нь зах зээл дээрх өндөр хүлээлт болон эрэлт хэрэгцээг бататгаж байгаа юм.

📊 Oscar Health Inc (NYSE:OSCR) компанийн 2025 оны 2-р улирлын гол үзүүлэлтүүд:

  •  Нийт орлого нь $2.86 тэрбум болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29% өссөн байна. Энэ нь шинжээчдийн таамагласан $2.94 тэрбумын орлогоос доогуур гарсан үзүүлэлт байлаа.

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг мөн адил шинжээчдийн таамагласан $-0.81 хүрээгүй бөгөөд $-0.89 гарчээ.

  • Нийт даатгалын зардлын харьцаа 91.1%, өмнөх оны 2-р улиралд 79.0% байсан бөгөөд өвчний тархалт өссөн нь зардлыг нэмэгдүүлжээ.

  • Компанийн хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31%-иар нэмэгдэж, 1.5 саяд хүрсэн нь орлогын өсөлтөд шууд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлүүдийн нэг байсан. Энэ нь компанийн маркетинг, хэрэглэгч татах стратеги амжилттай хэрэгжсэнийг илтгэнэ.

📢 Oscar Health нь Medicare Advantage хөтөлбөрөөс гарч буйгаа зарласан.

Энэ шийдвэр нь богино хугацаанд орлогын тодорхой хэсэг буурах эрсдэлтэй болгосон. Компанийн зүгээс урт хугацааны үр ашгийг илүүд үзэж, сайн дурын даатгалын зах зээл дээр төвлөрснөөр үр ашиг өндөртэй хэрэглэгчдийн сегментэд үйлчлэх замаар ашигт ажиллагааг улам сайжруулах боломжтой гэж онцолж байна. Стратегийн чиг баримжаа нь урт хугацаанд ашигтай байхаар төлөвлөгдөж байгааг харуулж байна.

Ирээдүйн төлөв:

Oscar компани 2025 оны бүтэн жилийн төлөвтөө нийт орлогоо $12 - $12.2 тэрбум хүртэл байхаар тооцож байна. Эрүүл мэндийн алдагдлын харьцаа 86.0%–87.0%, Удирдлага ба ерөнхий зардлын харьцаа 17.1%–17.6% байх төлөвтэй. Үйл ажиллагааны алдагдал нь $300 саяас $200 сая хооронд байх хүлээлттэй байна. Түүнчлэн, компанийн тохируулсан EBITDA алдагдал нь үйл ажиллагааны алдагдлаас ойролцоогоор $120 сая бага байх төлөвтэй.

LYFT Inc (NAS: LYF) компанийн 2-р улирлын тайлан танилцуулагдсан бөгөөд орлого нь шинжээчдийн хүлээлтээс бага зэрэг доогуур гарсан тул хувьцааны үнэ тайлан гарсны дараа 5–7% буурсан байна📉.

📊 Санхүүгийн гол үзүүлэлтүүд:

  • Нийт захиалга (Gross Bookings): $4.5 тэрбум, жилийн өмнөхөөс +12% өссөн

  • Орлого (Revenue): $1.6 тэрбум, +11% өсөлттэй

  • Цэвэр ашиг: $40.3 сая (2024 оны 2-р улиралд ердөө $5.0 сая байсан

  • EBITDA: $129.4 сая, жилийн өмнөхөөс +26%

  • Чөлөөт мөнгөн урсгал: $329.4 сая
    12.8 сая хувьцаа эргүүлэн худалдан авсан, нийт $200 сая зарцуулсан

📌 Үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд:

  • Явсан нийт Rides буюу захиалгын тоо : 234.8 сая – бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт (YoY өсөлт: +14%)

  • Идэвхтэй хэрэглэгчид: 26.1 сая – мөн шинэ дээд амжилт (+10%)

  • Lyft Silver үйлчилгээ: шинэ хэрэглэгчдийн 20% нь бүртгүүлсэн бөгөөд хадгалалт 80%-д хүрсэн

  • Бизнес аяллын хэрэглэгчид: ердийн хэрэглэгчдээс 4 дахин илүү “premium ride” сонгодог болсон

🤝 Түншлэлүүд ба өсөлтийн стратеги:

  • 
Lyft нь Baidu, United Airlines зэрэг түншүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Freenow компанийг худалдан авч, нийт зах зээлээ өргөтгөөд байна.

2025 оны 3-р улирлын төлөв (Outlook):

  • Rides буюу захиалгын тоо: жилийн өмнөхөөс дунджаар +15%

  • Gross Bookings: $4.65 – $4.80 тэрбум, буюу +13% – 17% өсөх төлөвтэй

  • Adjusted EBITDA: $125 – $145 сая, маржин 2.7% – 3.0%

Advanced Micro Devices (NYSE:AMD) компанийн II улирлын орлого 32%-ийн өсөлттэй гарч шинжээчдийн таамгийг давсан ч, нэгж хувьцаанд ногдох ашиг нь хүлээлтэд хүрээгүй, ашигт ажиллагаа буурсантай холбоотой тайлан гарсны дараа хувьцааны ханш 6.31%-иар уналаа.

📊 2025 оны II улирлын орлого $7.69 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн дунджаар $7.52 тэрбум гэж таамаглаж байсан хүлээлтээс давсан дүн юм. Гэвч нэгж хувьцаанд ногдох ашиг(EPS) нь 0.480 ам.доллар болж, 0.488 ам.долларын хүлээлтэд хүрч чадсангүй.

📌 Орлогын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс:

  • Дата төвийн сегмент 14%-ийн өсөлт үзүүлж, 3.2 тэрбум ам.долларт хүрэв.

  • Харилцагч болон тоглоомын бизнесийн орлого 69%-иар өсөж, нийт 3.6 тэрбум ам.долларт хүрсэн нь зах зээлийн эрэлт хүчтэй байгааг илтгэж байна.

Аж үйлдвэрийн сорилт ба ашгийн маржин:

АНУ-ын засгийн газраас Хятадын эсрэг авсан хагас дамжуулагчийн экспортын хориг арга хэмжээний улмаас AMD компани $800 саяын нэмэлт зардал хүлээжээ. Үүний улмаас нийт ашгийн маржин 2024 оны II улиралд 49% байсан бол энэ улиралд 40%-д хүртэл буурсан байна.

💡 Ирэх улирлын төлөв:

Компанийн ирэх улирлын орлогын хүлээлт $8.7 тэрбум байгаа бөгөөд бодит үр дүн энэ үзүүлэлтээс $300 саяар бага эсвэл их хэлбэлзэх магадлалтай гэж мэдэгдсэн. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 22%-иар өсөх хүлээлттэй бөгөөд шинжээчдийн $8.32 тэрбумын таамгаас давах дүн юм.

💰 Мөн AMD өнгөрсөн улиралд нийт 12 сая ширхэг хувьцааг $1.2 тэрбумаар зах зээлээс эргүүлэн худалдан авсан. Үүнээс гадна, зах зээл дээр нийт 8.34 сая ширхэг нэмэлт хувьцаа гаргахаар $3.2 тэрбумын төлөвлөгөөг баталсан байна.

Super Micro Computer Inc. (NAS:SMCI) нь санхүүгийн жил нь 7-р сараас эхэлдэг тул, 6-р сард гаргасан тайлан нь тэдний санхүүгийн 4-р улирлын тайлан юм.

📊 2025 оны 4-р улирлын гол үзүүлэлтүүд:

  • Нийт орлого: $5.75 тэрбум өмнөх жилийн мөн үеэс 6.48% өссөн.

  • Цэвэр ашиг: $195 сая өмнөх жилийн мөн үеэс 52.3% буурсан.

  • Нийт ашгийн маржин: 9.5% өмнөх жилийн мөн үеэс 0.7% буурсан.

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг: $0.41 өмнөх жилийн мөн үеэс 31.71% буурсан.

Үйл ажиллагаанаас бий болсон мөнгөн урсгал: $864 сая

Ирээдүйн орлогын төлөв:

  • 2026 оны 1-р улирлын орлого: $6.0 - $7.0 тэрбум

  • 2026 оны 1-р улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг: $0.40 - $0.52

  • 2026 оны жилийн төлөв: $33 тэрбум

Тайлангийн дараа компанийн хувьцааны үнэ pre‑market дээр 17–18 %-иар унасан📉. Энэ нь шинжээчдийн өндөр таамаг, AI‑д тулгуурласан өсөлтийн ирээдүйд хэт их найдлага тавьснаас үүдэлтэй. Хувьцааны уналт нь зах зээлд хэт өндөр үнэлгээ болон өрсөлдөөн, маржин багассантай холбоотой. CEO Charles Liang шинэ Data Centre Building Block Solutions (DCBBS) систем нь Supermicro datacenter программ хангамж хөгжүүлэх зорилготой гэж дурджээ.

📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл  Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш бага зэрэг буурсан байдалтай байна. Тодруулбал, засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.05-0.62 хувиар буурсан байна.
Компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш нь 0.01-0.76 хувиар буурсан байна. Харин Голомт банк болон МИК-ийн Хулан бондуудын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.09, 0.64 хувиар тус тус өссөн байдалтай байна.
Засгийн бондууд дундаас Mongol 31 бонд хамгийн өндөр буюу 0.62 хувиар буурсан бол компанийн бондууд дундаас Хөгжлийн банкны бонд 0.76 хувиар буурсан байна.

Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.393-6.93 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 5.863-12.394 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.394 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.

Азийн хөгжлийн банк 2025 онд гурав дах удаагаа төгрөгийн бонд гаргалаа

Азийн Хөгжлийн Банк (ADB) 2025 оны долдугаар сард энэ оны гурав дахь удаагийн төгрөгийн бондоо амжилттай арилжаалж, нийт 30 тэрбум төгрөг (ойролцоогоор 8.4 сая ам.доллар) татан төвлөрүүллээ.

Энэхүү бонд нь 10.30 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бөгөөд Standard Chartered Bank андеррайтераар нь ажиллажээ. Бондыг Европын хөрөнгө оруулагч хөрөнгө удирдлагын компаниуд худалдан авсан бөгөөд. Үүнээс харахад Европын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд итгэх итгэл өндөр байгааг харуулж буй үйл явдал боллоо.

Тус бонд нь эрүүл мэндийн зориулалттай бонд бөгөөд бондын хөрөнгийг Монгол Улсад хэрэгжих эмнэлгийн өргөтгөлийн төсөлд зарцуулах юм байна.

Boroo Investment компани 300 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлжээ

Тус компани нь Сингапурт бүртгэлтэй бөгөөд Boroo Pte Ltd компанийн толго компани юм байна. Boroo Pte Ltd компани нь Монгол улсад “Бороо”-ийн алтны орд, саяхан Steppe Gold компанийн 56 орчим хувийн хувьцааг худалдан авсан юм байна. Мөн тус компани нь Перу улсын Лагуна хэмээх алтны ордыг эзэмшдэг бөгөөд саяхан 9.75 хувийн купонтой долоон жилийн хугацаатай бондыг амжилттай гаргаж 300 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн байна.

Тус бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг Перу дэх уурхайн эрэл хайгуул, нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зарцуулах гэж байгаагаа ажээ.

Хэрэв та ам.долларын бондод хөрөнгө оруулахыг хүсвэл доор байрлаж буй мэдээлэл авах товч дээр дарж форм бөглөнө үү. Мөн манай компанийн 75107500 болон 89022491 дугаарын утсаар холбогдоорой.