- Apex Capital
- Posts
- Алтны хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байна
Алтны хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байна
Гадаад зах зээлийн судалгаа #29

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Онцлох үйл явдлууд
Alibaba Group өөрсдийн хиймэл оюун ухааны чипээ зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна 🧠⚙️.
Alphabet компанийн шүүхийн шийдвэр гарч, торгууль төлөхөөр болсон ч хувьцааны ханш өслөө 📈.
БНХАУ-д алтны эрэлт огцом нэмэгдэж байна 🚀.
Онцлох компанийн онц тайлан

Alibaba Group (NYSE:BABA, HKEX:9988) – Санхүүгийн товч тайлан ба AI инновац
Alibaba Group-ийг Хятадын томоохон e-commerce буюу цахим худалдааны компани гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэгвэл Alibaba нь зөвхөн цахим худалдааны компани биш, харин интернэт технологи ⚙️, хиймэл оюун ухаан 🤖, cloud computing ☁️, финтек, логистик зэрэг өргөн хүрээний салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм. Тэдний стратеги бол “Digital Economy Infrastructure Provider” буюу дижитал эдийн засгийн дэд бүтцийг хангагч байх зорилготой.
Санхүүгийн гол үзүүлэлтүүд
💸Alibaba компанийн тайлант хугацааны нийт орлого $34,26 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 2 % өссөн нь шинжээчдийн таамаглалтай ойролцоо байлаа.
💰Цэвэр ашиг нь $5.9 тэрбум, жилийн өмнөхтэй харьцуулахад 76 % өсөв. Үүнээс харахад компанийн зардлын менежмент болон ашигт ажиллагаа эрс сайжирсан байна.
📈Cloud Intelligence (үүлэн технологийн тооцооллын үйлчилгээнүүд)-ийн орлого жилд 26 %-иар өссөн нь AI-тай холбоотой бүтээгдэхүүнүүдийн эрэлт ихсэж байгаа илрэл юм.
🤖AI чип, бүтээгдэхүүн ба олон улсын нөхцөл байдал
⚙️Alibaba компани өөрсдийн AI чип боловсруулж байгаагаа зарласан нь АНУ-ын экспортын хязгаарлалтын нөхцөлд стратегийн хувьд чухал алхам болон хувирав.
Тухайн чипийг Nvidia-гийн чипийг орлох боломжтой гэж хараад байгаа нь хөрөнгө оруулагчдыг ихээр татаж эхэллээ. Компанийн стратегийн хүрээнд “AI + Cloud”-д дараагийн 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь $50–53 тэрбум байгаа нь компанийн урт хугацааны өсөлтийн үндэс болж байна.
📊Өнгөрсөн баасан гарагт Alibaba Group санхүүгийн тайлангаа танилцуулан, хиймэл оюун ухааны чип боловсруулж байгаагаа зарласнаар тухайн өдрөө хувьцааны ханш New York-ийн хөрөнгийн бирж дээр 12.9%, даваа гарагт Хон Конгийн хөрөнгийн бирж дээр 18.5% тус тус өсөлт үзүүлэв.
Alphabet компанийн хурлын тухай ⚖️

АНУ-ын шүүхийн шийдвэрээр Google Chrome хөтчөө авж үлдхээр боллоо.
🧑🏻⚖️ Шүүхийн шийдвэрийн гол агуулга:
Google монопол эрхтэй гэж тогтоогдсон: Google компани өөрийн хайлтын системийг 📱 iPhone, Android зэрэг төхөөрөмжүүд дээр анхдагч (default) болгож, өрсөлдөгчдийг зах зээлээс шахсан гэж шүүх үзжээ. Үүний тулд Google жил бүр Apple зэрэг компаниудад 🧾 $18-$26 тэрбум төлдөг байсан.
🛑 Apple-д нөлөөлсөн ч хориг тавигдаагүй: Apple шүүхийн хэрэгт оролцоогүй ч Google-ээс авдаг төлбөр нь тус компанийн орлогын чухал хэсэг учраас шүүх энэ төлбөрийг бүрэн хориглоогүй. Хэрвээ хориглосон бол Apple болон бусад жижиг компаниудад санхүүгийн хохирол учрах байжээ.
🚫 Google-д тавигдсан хязгаарлалт: Google компани өөрийн хайлтын систем эсвэл гол апп-уудыг төхөөрөмж дээр урьдчилан суулгахтай холбоотой “exclusive (онцгой эрхтэй) гэрээ” 📝 байгуулах, хадгалахыг хориглосон.
Google өөрийн хайлтын өгөгдлийг (хайлтын түүх, алгоритм) өрсөлдөгчдөд хуваалцах ёстой болсон. Энэ нь Bing, DuckDuckGo зэрэг хайлтын системүүдэд боломж олгоно.Шүүхээс Google-ийн Chrome хөтчийг зарах шаардлага тавиагүй: Шүүхээс Google компанийг хайлтын томоохон систем болох chrome хөтчөө зарах шаардлагагүй гэж үзсэнээр Google-н хувьцаа +9% өсөлт үзүүллээ. Учир Google-н орлогын 35% хувийг Chrome хөтөч дангаараа бүрдүүлдэг юм. Хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү мэдээ нь Google компанийн хэт монопол гэж үзэн бизнесийг нь хуваахвий гэсэн айдас эргэлзээг байхгүй болгосон. Улмаар Wall Street-н шинжээчид тус компанийн хувьцааны үнэлгээг өсгөн $240-$260 болгосон.
➕🧠 Таны мэдлэгт
JOLTS гэж юу вэ?

JOLTS (Job Openings and Labor Turnover Survey) АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос явуулдаг, ажил олгогчдоос бизнесийнх нь ажил олголтын талаар авдаг судалгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй ажлын байрны нөхцөл байдлыг үнэлэх зорилготой, сар бүр гардаг эдийн засгийн үзүүлэлт юм.
Энэхүү судалгаагаар аж ахуйн нэгжүүдээс дараах мэдээллийг цуглуулдаг:
Ажиллагсдын тоо #️⃣
Нээлттэй ажлын байрны тоо
Ажилтан хайх болон ажилд авах үйл явц 🔍
Ажлаас гаралт (сайн дурын болон албан ёсны)
Тухайн сард гарсан үзүүлэлт урьдчилсан таамгаас өндөр гарвал, энэ нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт өндөр байгааг илтгэж, ам.долларын ханшид эерэг (bullish) 📈 нөлөөтэй гэж үздэг. Харин хүлээлтээс доогуур гарсан тохиолдолд, эдийн засгийн идэвх сул байна хэмээн үзэж, ам.долларт сөрөг (bearish) 📉 нөлөө үзүүлнэ.
Яагаад JOLTS эдийн засгийн гол үзүүлэлт вэ?
Өчигдөр буюу лхагва гарагт АНУ-ын JOLTS тайланд 2025 оны 7-р сард нээлттэй ажлын байрны тоо 7.18 сая болж, шинжээчдийн хүлээлтээс доогуур гарлаа. Ажилд авах хэмжээ тогтворжсон ч ажлаас халах тохиолдол бага зэрэг өссөн бөгөөд одоо нэг ажилгүй иргэнд ногдох ажлын санал 1-ээс доош буурсан нь 2021 оноос хойш анхны тохиолдол боллоо. Энэ нь эдийн засаг өндөр хүү, импортын татварын нөлөө бөгөөд ажил олгогчид үйлдвэрлэлийн зардлаа бууруулахын тулд цомхотгол хийж байгаатай холбоотой. Мэдээ гарснаар АНУ-ын Төв банк хүүгээ бууруулах магадлал нэмэгдэж, бондын өгөөж буурч, санхүүгийн зах зээлд хүлээлт өөрчлөгдөв.
🇨🇳 БНХАУ-д алтны эрэлт огцом нэмэгдэж байна
🪙 Хятадад алтны эрэлт урьд өмнө байгаагүйгээр огцом өсч, дотоодын болон олон улсын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Ялангуяа 2024 оноос хойш алтны бирж дээрх нөөцийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, Хятадын төв банк болон арилжааны банкууд алт худалдан авалтаа эрчимжүүлж байна. Энэ өсөлт нь инфляцын эсрэг бодлого, мөн геополитикийн тодорхой бус байдал, ам.долларын давамгай байдлаас шалтгаалах стратегийн бодлоготой холбоотой. Үүний зэрэгцээ Хятадын иргэдийн дунд алт нь уламжлалт хадгаламжийн хэрэгсэл хэвээр байсаар байгаа бөгөөд валютын ханшийн савлагаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нь алтны эрэлтийг улам нэмэгдүүлж байна.

Түүнчлэн Хятадын Засгийн газар дотоодын эдийн засгийг дэмжих зорилгоор төсвийн тэлэлт хийж, зээлийн бодлогыг зөөлрүүлж байгаа нь алт болон бусад бодит хөрөнгийн үнэ цэнийг өсгөх хандлагатай байна. Энэ бүх хүчин зүйлс нийлж, Хятадын алтны зах зээл дэлхийн санхүүгийн урсгалд шинэ чиг хандлага тогтоож байгааг илтгэж байна.
📅 Ирэх 7 хоногийн анхаарал хандуулах мэдээнүүд
Ням гарагт(09/07): Японы 2025 оны II улирлын ДНБ-ний үзүүлэлт
Лхагва гарагт(09/10): АНУ-ын 8-р сарын үйлдвэрлэлийн үнийн индекс
Пүрэв гарагт(09/18): АНУ-ын 8-р сарын хэрэглээний үнийн индекс
Баасан гарагт(09/19): Их Британийн 7-р сарын ДНБ-ний үзүүлэлт
📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондуудын дундажаар 0.4%-иар буурсан бол 🏦 компанийн бондууд дундажаар 1.91%-иар буурсан бөгөөд хамгийн их уналттай арилжаалагдаж байгаа нь Mongolian Mining Corporation-ний бонд 5.06%-иар буурсан байна.


Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 5.185%–6.713% байгаа бол компанийн ам.долларын бондууд 5.355%–12.253%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 12.25% өгөөжтэй байгаа юм.