• Apex Capital
  • Posts
  • Nvidia зөвшөөрлөө авсан ч нэг ч чип Хятад руу экпортлоогүй

Nvidia зөвшөөрлөө авсан ч нэг ч чип Хятад руу экпортлоогүй

Гадаад зах зээлийн судалгаа #28

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Powell Effect 🗣️
Өнгөрсөн баасан гарагт буюу 8 сарын 22-нд Jackson Hole уулзалтаар Жером Пауэлл үг хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн талаар өөдрөг байр суурь илэрхийлснээр зах зээл хүчтэй өсөлт үзүүлсэн. Гэвч өнөө өглөө Nvidia-ийн улирлын тайлан гарснаар зах зээл, тэр дундаа технологи, хиймэл оюун ухаан болон чипийн салбарын хувьцаанууд after-market дээр уналттай хаагдлаа.

Онцлох үйл явдлууд

Jackson Hole-ийн уулзалт 🤝🏼

📑 2025 оны Jackson Hole эдийн засгийн уулзалтаар АНУ-ын Төв банкны дарга Жером Пауэлл инфляц ба ажил эрхлэлт хоорондын тэнцвэрт байдлын алдагдал гүнзгийрч байгааг онцолж, мөнгөний бодлогыг нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх боломжтойг мэдэгдэв.

🗠 Ажилгүйдэл 4.2 %-ийн түвшинд тогтвортой боловч эрэлт, нийлүүлэлтийн зөрүүтэй байдал илэрч байгаа нь инфляц богино хугацаанд зөөлрөх хандлагатай ч, тарифаас үүдэн урт хугацаанд дахин хүчтэй өсөх эрсдэлтэй байна гэж анхааруулжээ. 📈

Тэрээр 2020 оны цар тахлын үеийн өндөр инфляцаас үүдэн инфляцыг 2%-д хүргэх зорилт тавиад байсан ч одоогоос илүү уян хатан “flexible inflation targeting” стратеги руу шилжиж буйгаа илэрхийлснээр 9-р сард бодлогын хүүг 0.25-0.5%-иар бууруулах 📉магадлалыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд бодлогын хүүг 2.75–3.0 % орчимд тогтоох хүлээлт бий болжээ 📊.

Дэлхийн хамгийн үнэтэй компанийн II улирлын тайлан

📊 Санхүүгийн гол үзүүлэлтүүд

  • 💸 Орлого: 2-р улиралд $46.7 тэрбум орлого олсон нь өмнөх улирлаас 6%, өнгөрсөн жилийн ижил хугацаанаас 56% өссөн үзүүлэлт юм.

  • 💵 Цэвэр ашиг: $26.4 тэрбум, нэгж хувьцаанд $1.08 ашиг ногдсон нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт юм.

  • 💲Дата төвийн орлого: $41.1 тэрбум, үүний дийлэнх нь AI чипүүдээс орж ирсэн бөгөөд Blackwell нэртэй шинэ үеийн чип нь $27 тэрбумын борлуулалт бүрдүүлжээ.

🤖 AI технологи ба бүтээгдэхүүн

  • 💾 Blackwell чип нь AI салбарын гол платформ болж, GPT OSS зэрэг томоохон загваруудыг дэмжиж байна.

  • ⚙️ NVIDIA Spectrum-X, NIM микросервис, DGX Cloud, AI Foundry зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан.

  • 🖥️ AI PC, ACE digital human, G-Assist AI туслах зэрэг технологиудыг тоглоом, бүтээлч салбарт нэвтрүүлж эхэлжээ.

🗺️ Олон улсын нөхцөл байдал

⚙️ АНУ-ын засгийн газар Хятадад нийлүүлдэг өндөр хүчин чадалтай, дэвшилтэт AI чипүүдэд хязгаарлалт тогтоосон. Энэ нь аюулгүй байдал, технологийн давуу талаа алдах эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой. Тухайлбал, NVIDIA-ийн H100, A100, H20 зэрэг өндөр хүчин чадалтай чипүүдийг Хятадад экспортлохыг хориглосон. H20-ийн хувьд AI-д зориулсан өндөр хүчин чадалтай чип бөгөөд GPT, дата төв, машин сургалт зэрэгт ашиглагддаг.

💸 Тайлант үеийн хугацаанд Хятад руу борлуулалт хийх боломжгүй байсан ч $650 сая ам.долларын H20 чипийг Хятадаас гадуур (Европ, Зүүн Өмнөд Ази, Латин Америк гэх мэт) амжилттай борлуулсан. Энэ нь NVIDIA-ийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар өндөр байгааг харуулж байна.

⚠️ АНУ-ын засгийн газар зарим төрлийн чип экспортод 15%-ийн татвар ногдуулсан. Энэ нь чипийн үнэ өсөх, худалдан авагчийн зардал нэмэгдэх, NVIDIA-ийн ашиг багасах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

🔮Ирээдүйн төлөв: NVIDIA 3-р улиралд $54 тэрбум орлого олох төлөвтэй байна.

Хятадын худалдааны аврага Pinduoduo-ийн тайлан

📊 Санхүүгийн гол үзүүлэлтүүд

  • 💸Нийт орлого: 103.98 тэрбум юань (ойролцоогоор $14.5 тэрбум), өмнөх оны мөн үеэс 7.1% өссөн.

  • 💵Цэвэр ашиг: 30.75 тэрбум юань ($4.29 тэрбум), шинжээчдийн таамгаас илүү сайн үзүүлэлт гарсан.

  • 💲Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $3.08, таамагласан $2.17 (+42%)

🖥️ Temu болон Pinduoduo платформын байдал

  • Temu нь АНУ-ын гаалийн татварын өөрчлөлтөөс шалтгаалан ашиг багассан ч Европ, Бразил зэрэг зах зээлд өргөжин тэлж байна.

  • Pinduoduo платформ Хятадад Alibaba, JD.com, Douyin зэрэг томоохон өрсөлдөгчтэй тулгарч байгаа.

  • Компанийн зүгээс худалдаачдыг дэмжих олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа нь богино хугацаанд ашигт нөлөөлж байна.

⚠️ Ашигт нөлөөлж буй хүчин зүйлс

  • Үйл ажиллагааны зардал өссөн, үүнд:

    🔹Худалдаачдыг дэмжих хөтөлбөрүүд

    🔹Логистик, маркетингийн зардал

  • Гаалийн татварын өөрчлөлт нь Temu-ийн АНУ дахь үнэ давуу байдлыг бууруулсан.

🔮 Ирээдүйн төлөв

  • Компанийн удирдлагууд урт хугацааны үнэ цэнийг бий болгоход анхаарч, богино хугацааны ашигт бус харин экосистемийн тогтвортой байдалд төвлөрч байна.

  • Temu-ийн гадаад зах зээлд тэлэлт, үнэ тогтвортой байлгах стратеги, зардал бууруулах алхмууд нь ирээдүйд ашигт эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

➕🧠 Таны мэдлэгт

🏠“New Home Sales” буюу шинэ орон сууцны борлуулалтын тайлан гэдэг нь тухайн сард шинээр баригдсан хэдэн байр зарагдсан тухай мэдээлэл юм. Энэ тайлан нь эдийн засгийн байдал ямар байгааг ойлгоход тусалдаг чухал үзүүлэлт юм.

Хэрэв шинэ байр их хэмжээгээр зарагдаж байвал хүмүүсийн орлого, ажил эрхлэлт, зээлийн боломж сайжирсан, эдийн засаг идэвхтэй байна гэж үздэг. Харин борлуулалт буурч байвал хүмүүс байр авах чадваргүй болж, эдийн засагт тодорхой бэрхшээл тулгарч байгааг илтгэнэ. Энэ тайланг төр засаг, банк, бизнес эрхлэгчид эдийн засгийн бодлого боловсруулах, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тооцоолоход ашигладаг.

АНУ-ын орон сууцны зах зээлийн ерөнхий байдал 🏠

📉АНУ-ын дундаж орон сууцны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад ойролцоогоор 3%-иар буурсан. Гэхдээ зарим мужуудад (Флорида, Хойд Каролина, Техас) үнэ илүү их унасан нь тухайн бүс нутгийн онцлог шалтгаантай холбоотой. Тодруулбал, зах зээл хүлээж байснаас илүү тогтвортой байна.

2020 оноос хойш АНУ-ын орон сууцны зах зээлд шинэ байшин баригдах тоо болон борлуулалт хоорондын тэнцвэр алдагдсан байдал ажиглагдаж байсан. Үүний шалтгаан нь барилгын материалын өндөр үнэ, нийлүүлэлтийн саатал, эдийн засгийн гэнэтийн өөрчлөлт зэрэгтэй холбоотой. Одоо байшин баригдах тоо нэмэгдэж байгаа ч энэ нь хэт их биш, харьцангуй тайван өсөлттэй байна.

📅 Ирэх 7 хоногийн анхаарал хандуулах мэдээнүүд

Даваа гарагт: Америк болон Канад улсад Хөдөлмөрийн өдөр болж байгаатай холбоотой хөрөнгийн зах зээл амарна.
Мягмар гарагт: Европын Холбооны наймдугаар сарын инфляцын мэдээ
АНУ-ын Үйлдвэрлэлийн идэвхжилийн индекс буюу ISM болон S&P 500 Manufacturing PMI-ийн наймдугаар сарын мэдээ.
Пүрэв гарагт: АНУ-ын наймдугаар сарын Үйлчилгээний салбарын идэвхжилийн индекс
Баасан гарагт: АНУ-ын Ажилгүйдлийн индекс болон цалингийн үзүүлэлтүүд

📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл  Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондуудын дунджаар 0.04% буурсан бол 🏦 компанийн бондууд дунджаар 1.82% -иар буурсан Хөгжлийн банк хамгийн их 7.39%-иар буурсан бол МИК ХК-ийн “Хулан” бонд 0.5%-иар хамгийн их өсөлттэй байв. 

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд 🏛️ засгийн газрын ам.долларын бондууд 5.252%–6.799% байгаа бол 🏦 компанийн ам.долларын бондууд 5.321%–12.657%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 12.66% өгөөжтэй байгаа юм.