- Apex Capital
- Posts
- 📰 Гадаад зах зээлийн судалгаа No 25
📰 Гадаад зах зээлийн судалгаа No 25
Олон улсын хөрөнгийн зах зээлийн сонин сайхан

Оройн мэнд!
Гадаад судалгааны 25-р дугаарт зах зээлд өрнөж буй онцлох үйл явдал болон бусад судалгааг бэлтгэлээ. Хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож и-мэйлээ бүртгүүлэхийг зөвлөөрэй. Sharing is caring 👏
🔍 ДУГААРЫН ЭМХЭТГЭЛ
🇺🇸АНУ-ын бодлогын хүү 2020 оноос хойш анх удаа буурч магадгүй.
🤖Чип үйлдвэрлэгч нарт ээлтэй жил тохиож байна.
🔋Цахилгаан машин манайд л хөгжихгүй байна уу?
🧙♂️Трендээ дагаад лити ч өснө.
🧐Гадаад зах зээлд хөрөнгө оруулах ямар ашигтай байна вэ?
ӨСӨЛТТЭЙ БАЙНА
🚀 Lithium-ийн үнэ өснө

Цахилгаан автомашины батарейны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятадын CATL компани литийн олборлолт болон үйлдвэрлэлийнхээ цар хүрээг багасгах талаар хэлэлцжээ. Хэрэв тэдний олборлолт болон үйлдвэрлэл буурах юм бол дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс их хэмжээний лити хасагдах боломжтой.
Дээрх шалтгааны улмаас лити олборлогч Albemarle, SQM, Arcadium Lithium зэрэг томоохон тоглогчдын хувьцааны үнэ 10% ба түүнээс дээш өссөн байна.
🔌 🚗 Цахилгаан машины борлуулалт 20% өсчээ
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан машины борлуулалт 20 хувиар өсжээ. Rho Motion компанийн зүгээс гаргасан судалгаагаар БНХАУ-д гэхэд борлуулалт жилийн эцсээр 33 орчим хувь өсөх төлөвтэй байгаа аж. Эсрэгээрээ Европд борлуулалт буурчээ. Хэрэглэгчид зах зээлд илүү хямд үнэ бүхий цахилгаан машин гарах хүлээлт өндөр байгаа нь нөлөөлсөн байх гэж шинжээчид харж байна.
🤖 AI салбарт чип эрэлттэй байна.
Хиймэл оюун ухааны салбарт чип эрэлттэй байгаа нь зарим компанийн ханшийг өсөхөд хүргэв. Тухайлбал Nvidia компанийн нийлүүлэгч нар болох TSMC, SKHynix болон Hon Hai Precision Industry нарын ханш өчигдөр 4-8 хувийн өсөлтийг үзүүлжээ. Энэ нь тус салбартаа толгой цохиж буй Jenson Huang /Nvidia компанийн гүйцэтгэх захирал/ хиймэл оюун ухааны орон зай болон цаашдын төлөвийн талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотой юм. Тэрээр компанийн түвшинд чип хомсдолтой болж болзошгүй талаар дурдсан нь ийнхүү нөлөөлжээ.
📖 Гадаад зах зээлд хөрөнгө оруулсан бол ямар өгөөжийг хүртэх байсан вэ?
АНУ-ын хөрөнгийн зах зээлийг илэрхийлэх SPY индекс болон үүнд багтах компаниудыг сектороор ангилж жил бүрийн өгөөжийг тооцвол дараах хүснэгт гарна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд SPY индекс 2 удаа л уналттай байсан бөгөөд мэдээллийн технологийн хувьцаанууд 4 жил ханшийн өсөлтөөрөө тэргүүлжээ. Түүнчлэн эрчим хүч, газрын тосны хомсдол үүсэх эрсдэлийн улмаас 2021-2022 онуудад тус салбарын хувьцааны ханш өндөр өсөлт үзүүлсэн юм.
ХАМГИЙН ЧУХАЛ МЭДЭЭ НЬ
🤔 АНУ-ын инфляц болон бодлогын хүү яах вэ?
Хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийг хасаж тооцдог суурь инфляц 3.2 хувьд хэвээр хадгалагдаж шинжээчдийн хүлээлтэд нийцжээ. Нөгөө талд нийт хэрэглээний сагснаас бүрдсэн инфляц 2.5 хувьд хүрч буурсан байна. Энэ нь эдийн засагт голлох ач холбогдолтой хүнс болон эрчим хүчний ханш огт буураагүй гэсэн үг юм.
🇺🇸 2021 оны 8 сараас хойш АНУ-ын инфляц доод түвшиндээ хүрээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт болох Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр олон хүний анхааралд байна. Хэрэв хүү буурвал энэ нь 2020 оноос хойших анхны тохиолдол болох юм.
🏦 Төв банкны зүгээс бодлогын хүүг жилд 8 удаа хуралдаж өөрчлөх эсвэл хэвээр үлдээх журамтай байдаг ба энэ нь хөрөнгийн зах зээлд чухал мэдээ болдог. Та ч бас анхаарлаа хандуулахад буруудахгүй шүү.

АНХААРАЛД!!!
Уг и-мэйл нь мэдээллийн шинж чанартай бөгөөд хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг харилцагч өөрөө гаргах бөгөөд аливаа хөрөнгө оруулалт нь тодорхой эрсдэлийг өөртөө агуулж байдаг тул алдагдал хүлээх боломжтой. Дээрх судалгааг бэлтгэхдээ тухайн цаг үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг агуулахыг зорьсон бөгөөд гуравдагч талын мэдээллийн үнэн зөв байдалд 100 хувь баталгаа өгч чадахгүй. Хөрөнгө оруулагч тус бүрийн эрсдэлд хандах байдал өөр тул аливаа шийдвэрийг гаргахдаа нэмэлт судалгаа шинжилгээ, зөвлөмж авахыг харилцагч танд санал болгож байна. Энэхүү судалгаанд дурдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно.