- Apex Capital
- Posts
- 🔋Цахилгаан автомашины зах зээлийн хөгжил
🔋Цахилгаан автомашины зах зээлийн хөгжил
Гадаад зах зээлийн судалгаа #10

📣 Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар цахилгаан автомашины салбарын хөгжлийн талаар мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Дэлхийн эрчим хүчний агентлагаас 2050 он гэхэд CO2 ялгаруулалтыг тэглэх, температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлах зорилгыг дэвшүүлсэн. Улмаар улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч буй.
🔌 Цахилгаан автомашины борлуулалт жил бүр нэмэгдсээр байна
Дэлхийн нийт цахилгаан автомашины борлуулалт 2023 онд 13.7 сая ширхэгт хүрч, 2022 оноос 33 хувиар өссөн бол 2024 оны эхний хагас жилд 7.2 сая ширхэг борлуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн үзүүлэлт юм.

📈 Тэгвэл одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд цахилгаан автомашин дэлхийн нийт автомашин борлуулалтын 2.5 хувийг эзэлдэг байсан бол 2023 оны байдлаар 18 хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн БНХАУ, АНУ болон Европ тивийн бүс нутагт нийт цахилгаан автомашины борлуулалтын 65 хувийг эзэлж байгаа бол хөгжиж буй орнуудад харьцангуй борлуулалт харьцангуй бага байна.
Тухайлбал,
🇮🇳 Энэтхэг 2 хувь
🇧🇷 Бразил 3 хувь
🇮🇩 Индонез 2 хувь
🇲🇾 Малайз 2 хувийг тус тус борлуулалтад эзэлж байна.
🏁 Цахилгаан автомашины борлуулалт 2040 онд 73.2 сая ширхэгт хүрэх магадлалтай
“Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоолсноор цахилгаан автомашины борлуулалт 2030 онд 42.3 саяд хүрч, 2023 оноос 3 дахин өсөх бол 2040 он гэхэд 73.2 саяд хүрч, 5.3 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

🥇 Хятад Улс бол цахилгаан автомашины хамгийн том зах зээлтэй орон
Цахилгаан автомашины борлуулалтыг бүс нутгаар авч үзвэл
БНХАУ хамгийн их буюу 59.1 хувь
Европын зах зээл 23.4 хувь
АНУ-ын зах зээл 10.2 хувь
Бусад 7.3 хувийг тус тус бүрдүүлж байна.
Улмаар 2030 он гэхэд Хятадад зам дээрх гурван машины нэг, АНУ болон Европын Холбоонд таван машины нэг нь цахилгаан автомашин байх төлөвтэй байна.
💰Зах зээл дэхь хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна
Сүүлийн үеийн тайлангаас үзэхэд цахилгаан автомашин болон батарей үйлдвэрлэлд нийт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 40 орчим хувь нь аль хэдийн хийгдээд байна.
Түүнчлэн 2023 онд дэлхийн автомашины борлуулалтын 90 хувь орчмыг бүрдүүлдэг 20 гаруй томоохон автомашин үйлдвэрлэгч компаниас цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилтоо тавьсан.
🔋Нөгөөтээгүүр батарей үйлдвэрлэлийн хүчин чадал цахилгаан автомашины эрэлтийг хангаж чадахгүй гэх тооцоолол гарч байсан бол сүүлийн жилүүдэд хийгдсэн их хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүнд дэлхийн цахилгаан хөдөлгүүрт батарей үйлдвэрлэлийн хүчин чадал эрэлтээс давж, хэт нийлэлтийн эрин үе эхэлснийг 2023 онд онцолсон.
Сүүлийн жилүүдэд тус зах зээл хурдацтай тэлж буй гол шалтгаан нь төрийн бодлогоос үзүүлж буй хүчтэй дэмжлэгтэй холбоотой юм.
Тэгвэл улс орнууд цахилгаан автомашины зах зээлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудыг харцгаая 👇
🇺🇸АНУ-ын 70 дэд муж болон хотын засгийн газрууд 2050 оноос өмнө дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины хэрэглээг зогсоож, 100% утаа ялгаруулдаггүй автомашин үйлдвэрлэлд шилжих зорилт дэвшүүлээд байна.
🇪🇺Европын Комисс автомашины утааг 2030 он хүртэл 55%, бага оврын ачааны машины утааг 50%-аар бууруулах зорилт тавиад зогсохгүй, 2035 он гэхэд эдгээр тээврийн хэрэгслээс гарах утааг бүрэн зогсоох хатуу шаардлагыг дэвшүүлээд байна.
🇨🇦 Канад Улс бүх шинэ хөнгөн даацын болон суудлын ачааны тээврийн хэрэгслийг утаагүй болгох зорилтоо анх 2040 он гэж төлөвлөж байсан ч, 2021 онд уг зорилтыг шинэчилж, хэрэгжүүлэх хугацааг 2035 он болгон урагшлуулсан байна.
Цахилгаан автомашины борлуулалтаараа Хятад улс дэлхийд тэргүүлж байгаа бол, тус улсын BYD компани ч мөн үйлдвэрлэгчдийн дундаас хамгийн өндөр борлуулалттайгаар манлайлж байна.
Дэлхийд цахилгаан автомашины борлуулалтаар “Tesla” компани тэргүүлж байсан ч, 2022 оноос хойш “BYD” компани тэргүүлэх байр суурийг эзэлж эхэлсэн. Түүнчлэн тус компанийн хувьд 2023 онд томоохон өсөлт үзүүлсэн бөгөөд 2022 онд 1.86 сая ширхэг борлуулж байсан бол 2023 онд энэ тоо 2.89 саяд хүрч, 56 хувиар нэмэгдсэн байна.
🚀 Цахилгаан автомашины зах зээл тэлж, эрэлт нэмэгдэхийн хэрээр Хятад болон АНУ-д шинэ үйлдвэрлэгчид олноор гарч ирсээр байна.
Гэсэн ч зах зээлийн хурдтай өсөлт нь бүх компанид ижил боломж олгохгүй. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр жижиг үйлдвэрлэгчид зах зээлд амжилт үзүүлж чадахгүй байгаагаас гадна зарим компанийн хувьцааны үнэ буурсан тохиолдол ч гарж буй юм.
🎯Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид зах зээл өсөж байна гэдэгт үндэслэн бүх компанид анхаарал хандуулах бус, тогтвортой үйл ажиллагаатай, тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн хувьцааг илүүтэй сонгон анхаарах нь илүү оновчтой юм.
Хэрэв та манай шинжээчдийн бэлтгэсэн дараагийн судалгааг хүлээн авах болон цахилгаан автомашины хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Мөн гадаад зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж мэдээллээ илгээгээрэй.
📊 Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондууд 2-р сарын сүүл үеэс хойш тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Харин компанийн бонд ММС компанийн бондын ханш өнгөрсөн долоо хоногийн ханштай харьцуулахад 1.62 хувиар өсжээ.
📈Тус компанийн хувьд 2024 оны 12-р сарын 31-нд тухайн жилийн тайлангаа танилцуулсан нь эерэг үр дүнтэй байснаар бондын ханшид нөлөөлсөн байна.


📌 Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж 5.52-7.01 хувь хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 6.65-10.53 хувийн хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй “МИК” компанийн “Хулан” бонд 10.53 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.