• Apex Capital
  • Posts
  • 🗞️ Шатахуун + Даатгал + Худалдааны бодлого

🗞️ Шатахуун + Даатгал + Худалдааны бодлого

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #11

Шинэ өдрийн мэнд!

Танд энэ долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүгийн онцлох мэдээ, мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📌 Энэ дугаарт

▪️Монгол Улс оны эхний хоёр сарын байдлаар 499 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг импортолжээ

▪️Хятадын түлшний хэрэглээ буурч байна

▪️Давхар даатгалын нөхөн төлбөр 61.6 хувиар өсжээ

▪️АНУ дараагийн тарифын арга хэмжээгээ 4-р сарын 2-нд буюу “Эрх чөлөөний өдөр” зарлана

▪️“Компанийн засаглалын кодекс” хэрэгжилтийн 2024 оны нэгдсэн үнэлгээний тайлан гарлаа

🇲🇳 Манай улс оны эхний хоёр сарын байдлаар 499 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг импортолжээ

Монгол Улс энэ оны эхний хоёр сарын байдлаар 608.2 мянган баррель түүхий нефть болон газрын тосыг 46 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

📈Харин дээрх хугацаанд 499 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг 392.2 сая ам.доллароор импортолсон бөгөөд үнийн дүн нь өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсжээ.

Манай улсын хувьд өнгөрсөн онд нийт 2.8 сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон бол жилд дунджаар 4-5 сая баррель газрын тос олборлон экспортолдог.

🛢️Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны хэрэглээний 55 хувийг хангана гэж тооцоолж байгаа юм. 

Улмаар жил бүр нэг тэрбум ам.долларын гадагшлах урсгалыг дотоодод үлдээх боломжтой ба төслийн гүйцэтгэл 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Төсөлд нэмэлтээр шаардлагатай 700 сая ам.долларын санхүүжилтийг Энэтхэгийн Экспорт-Импорт банкнаас авахаар шийдвэрлээд байгаа бөгөөд төслийн нийт өртөг 1.7 тэрбум ам.доллар юм.

🇨🇳 Хятадын түлшний хэрэглээ буурч байна

Газрын тос үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч “Sinopec” компанийн 2024 оны цэвэр ашиг 16 хувиар буурч, 49 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь компанийн газрын тос боловсруулах үйл ажиллагаа буурснаас үүдэлтэй аж.

Түүнчлэн энэхүү бууралт нь Хятад Улс уламжлалт түлш болох бензин, дизелиэс татгалзаж,🔌цахилгаан автомашин болон  🧪химийн гаралтай нефтийн бүтээгдэхүүний хөгжлийг эрчимжүүлж буйг харуулж байна. 

📣 Давхар даатгалын нөхөн төлбөр 61.6 хувиар өсжээ

Өнгөрсөн онд даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 160.4 тэрбум төгрөгт хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 1.7 дахин өссөн үзүүлэлт юм.


💰Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.7 хувь буюу 158.3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 


Харин давхар даатгагчийн нөхөн төлбөрийн дүн өмнөх онтой харьцуулахад 61.6 хувиар өсөж 26.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

🇺🇸 АНУ дараагийн тарифын арга хэмжээгээ 4-р сарын 2-нд буюу “Эрх чөлөөний өдөр” зарлана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сүүлд хийсэн мэдэгдэлдээ 2-р сард урьдчилан зарласан “шударга ба харилцан тэнцвэртэй” өргөн хүрээтэй тарифын бодлогыг өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд эдгээр тарифын арга хэмжээг 4-р сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлэх аж.

📰Гэсэн хэдий ч Д.Трамп “Эрх чөлөөний өдөр” танилцуулах тарифын арга хэмжээндээ тодорхой хэмжээний уян хатан байдлыг оруулж магадгүй байна.

Тэрээр хэлэхдээ, 

“Би байр сууриа өөрчлөхгүй. Гэхдээ уян хатан байдал гэдэг бол чухал ойлголт. Заримдаа уян хатан байдалтай байх нь чухал байдаг. Тиймээс тодорхой хэмжээнд уян хатан байх боловч харилцан тэнцвэртэй байх бодлогыг бид чухалчлах болно”

👨🏼‍💼Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ БНХАУ-ыг онцлон, худалдааны асуудлаар хэлэлцээ хийх боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд ойрын хугацаанд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

“Эрх чөлөөний өдөр” болох уулзалтаар дэлхийн улс гүрнүүдэд өргөн цар хүрээтэй тарифын арга хэмжээ тогтоох зах зээлийн түгшүүрийг бага зэрэг намжаах боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.

🔎 “Компанийн засаглалын кодекс” хэрэгжилтийн 2024 оны нэгдсэн үнэлгээний тайлан гарлаа

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад 2024 оны жилийн эцсийн байдлаар дунджаар 79.1 хувийн гүйцэтгэлийг үзүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • I ангилалд бүртгэлтэй компаниудын кодексийн хэрэгжилт 26.7 хувь

  • II ангиллын компаниудынх 30.5 хувь

  • III ангиллын компаниудынх 22.7 хувиар тус тус өссөн байна.

📌Нийт хувьцаат компаниуд аудит хяналтын тогтолцоогоор 92 хувьтай үнэлэгдсэн бол эрсдэлийн удирдлага тал дээр 90.7 хувьтай үнэлэгдсэнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.