- Apex Capital
- Posts
- 🏆 Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
🏆 Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #12
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Үнэт цаасны зах зээлийн арилжаа 11 хувиар нэмэгджээ
▪️ Зэс түүхэн дээд ханшдаа хүрлээ
▪️ “ЛэндМН ББСБ” ХК-ийн ногдол ашиг энэ сарын 4-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд шилжинэ
▪️ Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
▪️Элон Маск өөрийн X платформыг хиймэл оюун ухааны xAI компанитай нэгтгэлээ
📈 Үнэт цаасны зах зээлийн арилжаа 11 хувиар нэмэгджээ
Үнэт цаасны гүйлгээний 21.9 хувь буюу 23.7 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлийн, 78.1 хувь буюу 84.3 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Нийт гүйлгээний 36.4 хувийг компанийн бонд, 34.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 28.5 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байна.

“ТОП-20” дундаж индекс өнгөрсөн сард 52617.7 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 9082.4, өмнөх сараас 856.5 нэгжээр нэмэгдлээ
🏦Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны 2-р сард 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 14.7 хувиар, өмнөх сараас 174.7 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувиар нэмэгдэв.
Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 хувь буюу 13.4 их наяд төгрөгийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 хувь буюу 20.9 тэрбум төгрөгийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.
🧶 Зэс түүхэн дээд ханшдаа хүрлээ
АНУ-ын зэсийн үнэ нэг унц нь 5.11 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өсөж, Лондоны металлын биржийн үнээс 13 хувиар өндөр дүн юм.
🔌Энэхүү өсөлт нь АНУ-ын импортын тарифын нэмэгдлээс шалтгаалан тус улсын үйлдвэрүүд ханшаа тогтвортой байлгах зорилгоор их хэмжээний худалдан авалт хийсэнтэй холбоотой. Мөн сэргээгдэх эрчим хүч, дата дэд бүтэц зэрэг салбаруудад зэсийн эрэлт нэмэгдсэн нь ханшийн өсөлтөд нөлөөлж байна.
Богино хугацаанд худалдааны дайнаас үүдэлтэй зэсийн ханш тогтворгүй байж болох ч, зэсийн хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж буй юм.

💰“ЛэндМН ББСБ” ХК-ийн ногдол ашиг энэ сарын 4-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд шилжинэ
Лэндмн ББСБ” ХК энэ оны 3-р сарын 29-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа.
🤝Тус хурлаар, компанийн 2024 оны санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд хамгийн их хэмжээний цэвэр ашигтай ажилласан жил байсныг онцолсон байна.
Нийт хүүгийн орлого 86 хувь нэмэгдэж 89.2 тэрбум төгрөг хүрсэн бол цэвэр ашиг 82 хувь өсөж 48.9 тэрбум төгрөгт хүрчээ.
⚖️Ногдол ашгийн хувьд, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд найман төгрөг тарааж байсан бол 2024 оны цэвэр ашгийн 30.62 хувь буюу нэгж хувьцаанд 15 төгрөг нийт 11 тэрбум төгрөгийг энэ сарын 4-ний өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-өөр дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

🏆 Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гаалийн татварын бодлого инфляцыг өдөөж, дэлхийн худалдааны дайн өргөжих эрсдэлтэй гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид алтны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд даваа гарагт алтны үнэ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч, унц нь 3,100 ам.доллар хүрээд байна.
🌎 Гаалийн татвар ба дэлхийн худалдааны дайн
Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хэрэв Москва Украины дайныг зогсооход саад учруулбал тус улсын газрын тос худалдан авагчдад 25-50 хувийн нэмэлт татвар ногдуулахаа анхааруулжээ.
Мөн тэрээр баасан гарагт АНУ-ын тарифын бодлогоос зайлсхийхийг хүссэн улсуудтай тусгай гэрээ байгуулахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн боловч эдгээр тохиролцоог зөвхөн АНУ эхлээд харилцан тариф тогтоосны дараа хийх боломжтой гэж онцолжээ.
📊Алтны үнэ оны эхэн үеэс 17 хувиар өсжээ
Түүнчлэн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, инфляцын эрсдэл нэмэгдэж буй тул алт нь аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж байна.
🥈Бусад үнэт металлуудын хөдөлгөөн
Мөнгө (Silver): 0.3 хувиар өсч нэг унц нь 34.20 ам.доллар
Платинум (Platinum): 0.1 хувиар буурч унц нь 982.10 ам.доллар
Палладиум (Palladium): 0.1 хувиар өсч нэг унц нь 972.96 ам.доллар
🦾 Элон Маск өөрийн X платформыг хиймэл оюун ухааны xAI компанитай нэгтгэлээ

Техникийн салбарын тэрбумтан Элон Маскийн “xAI” хиймэл оюун ухааны компани “Twitter“ буюу “X“ компанийг худалдан авлаа.
💵Түүний хэлснээр, “xAI” компанийг 80 тэрбум ам.доллар, “X” платформыг 33 тэрбум ам.доллароор үнэлж буй аж.
“X” болон “xAI”-ийн төлөөлөгчид тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй бөгөөд хэлэлцээрийн зарим хэсэг, тухайлбал X-ийн удирдлагууд тус компанид хэрхэн нэгдэх болон зохицуулалтын хяналт шалгалт хийх асуудлууд одоогоор тодорхойгүй байгаа юм.
📣 Мөн Э.Маск “xAI” болон “X”-ийн ирээдүй нягт холбоотой гэдгийг онцлон, энэ оны 3-р сарын 28-аас эхлэн өгөгдөл, загвар, тооцоолол, түгээлт, авьяас чадварыг нэгтгэх ажил албан ёсоор эхэлсэн гэж мэдэгдэв.
🎉 Баялаг бүтээгч бондын багц шинэчлэгдлээ
Хөрөнгө оруулалтын багцаа эрсдэлээс хамгаалж, зах зээлийн дунджаас өндөр хүүгээр, тогтвортойгоор өсгөхийг хүсэж буй харилцагчдадаа “Апекс Капитал”-ын зүгээс “Баялаг бүтээгч 3.0” бондын багцыг санал болгож байна.
📌 Бондын багцын давуу тал:
Олон компани багтдаг тул эрсдэл багатай
Нэг гэрээгээр бондын багц эзэмших боломжтой
Уян хатан эргэн төлөлтийн нөхцөл /Улирал тутам хүүгийн өгөөж/
☝️Хэрэв та “Баялаг бүтээгч 3.0” бондын багцын мэдээлэл авахыг хүсвэл “Мэдээлэл авах“ хэсэгт дарна уу.