• Apex Capital
  • Posts
  • Элсэн чихрийн судалгаа

Элсэн чихрийн судалгаа

Судалгаа Ханшийн таамаглал

Олон улсын сахарын нийлүүлэлт

2024 онд олон улсын нийт элсэн чихрийн үйлдвэрлэл ойролцоогоор 185 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 2-3%-иар өссөн үзүүлэлт юм. Тус өсөлт нь гол үйлдвэрлэгч бүс нутгуудын цаг агаар таатай байсантай холбоотой.
Бразил: Тус улсын элсэн чихрийн экспортын хэмжээ этанолын ханшаас ихээхэн хамаардаг. Учир нь этанолын ханш өсөх үед элсэн чихрээс илүүтэй этанолын үйлдвэрт чихрийн нишингийг зардаг тул түүхий эдийн нийлүүлэлт багасаж ханш өсөхөд хүрдэг.


Энэтхэг: Хоёр дахь том үйлдвэрлэгч орон бөгөөд экспортын татаасыг бага түвшинд байлгах зэргээр засгийн газраас нь үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Газар зүйн онцлогоос шалтгаалан улирлын бус хур тунадас их хэмжээгээр орох эрсдэл цөөнгүй тулгардаг.
Тайланд: Өмнөх жилүүдийн ган гачигт өртсөний дараа Тайландын элсэн чихрийн үйлдвэрлэл сэргэж, жилийн өмнөхөөс 10-15%-иар өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь дэлхийн элсэн чихрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа бөгөөд ялангуяа Азийн зах зээлд ихээхэн нөлөөтэй юм.
Европын Холбоо: байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд ээлтэй газар тариаланг дэмждэг, тэр талын дүрэм журмыг хатуу дагаж мөрддөг тул зах зээл дээр эзлэх хувь нь тогтвортой байх магадлалтай. Гэсэн хэдий ч түүхий эдийн зардал, ялангуяа бордоо, эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа энэ үед Европын холбооны үйлдвэрлэгчдэд дарамт учруулж болзошгүй юм.

МУ-ын сахарын импорт

Монгол улс элсэн чихрийн түүхий эдийг үйлдвэрлэдэггүй учир дотоодын хэрэгцээ бүхэлд нь импортоор хангадаг. 2024 онд манай улс 29 орноос нийт 73 мянган тонн элсэн чихэр худалдаж авсан ба Энэтхэг, Тайланд улсаас дотоодын хэрэгцээний талыг буюу 35 мянган тонныг импортолжээ. Тайланд, Энэтхэг нь дэлхийн хамгийн том элсэн чихэр үйлдвэрлэгчид бөгөөд зах зээлийн боломжит үнээр бүтээгдэхүүнээ экспортолдог билээ.

Дотоодын хэрэглээ жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа ч 2023 оны импорт харьцангуй бага элсэн чихэр импортолсон нь Энэтхэгт улирлын бус чанартай хэт их бороо орсны улмаас ургац алдаж, дотоодын үнийг тогтвортой байлгах үүднээс Энэтхэг улсын засгийн газар экспортыг хэсэг хугацаанд хорьсонтой холбоотой.

2022 оны олон улсын судалгаагаар Монгол улс нэг хүнд оногдох элсэн чихрийн хэрэглээгээрээ 184 орноос 15-т бичигдсэн ба манай улсын нэг иргэн жилд шууд болон шууд бусаар хүнсэндээ ойролцоогоор 82.4 кг элсэн чихэр хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Манай улсын чихэрлэг хүнсний хэрэглээ өндөр байгаа нь хүн амын дийлэнх хэсгийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэгтэй холбоотой. 2024 оны байдлаар нийт импортоор орж ирсэн элсэн чихрийг нийт хүн амын тоонд харьцуулахад манай улсын нэг хүнд жилд 21 кг сахар буюу өдөрт 14 ширхэг ёотонтой тэнцэх элсэн чихэр шууд болон шууд бусаар хүнсэндээ хэрэглэж байна гэсэн үг.

Тайландын сахарын экпортын төлөв

Тайланд бол дэлхийн гурав дахь том элсэн чихэр үйлдвэрлэгч, хоёр дахь том элсэн чихэр экспортлогч орон юм. Тайландад элсэн чихрийн үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байгаа тул элсэн чихрийн үнэ буурах хүлээлттэй байна. 2024 оны 10-р сарын 29-нд Тайландын чихрийн нишингийн холбооноос 2024/25 оны элсэн чихрийн үйлдвэрлэл жилийн +18%-иар нэмэгдэж, 10.35 сая тоннд хүрэх боломжтой гэж мэдэгдсэн билээ.

2024 оны төгсгөлд Тайландад чихрийн нишингийн үнэ 1430 бат/тонн байсан бол 2025 онд бага буюу 1100 бат/тонн орчим байх таамаглалтай байгаа юм. Тайланд улс нь кассава гэх ургамлын гол экспортлогч орон бөгөөд олон улсын зах зээлийн 87%-ийг нийлүүлдэг. Кассавагийн үнэ зах зээл дээр унасан нь тариаланчид чихрийн нишингэ түлхүү тариалах шалтгаан болж байгаа тул Тайландын элсэн чихрийн нийлүүлэлт өмнөх жилийнхээс их байх магадлалтай байна.

Чихрийн нишингэ тариалагчид хураалтын явцыг хөнгөвчлөх үүднээс талбайг шатаадаг бөгөөд энэ жил тус улсын засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилготой арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм. Мөн Хятадын засгийн газраас Тайланд улсаас импортолж буй чихрийн сироп, сахартай төстэй бүтээгдэхүүнүүдэд хориг тавьсан бөгөөд хэрвээ 2025 онд тус хоригт өөрчлөлт оруулахгүй бол Тайландын элсэн чихэр үйлдвэрлэл төсөөллөөс доогуур орох магадлалтай.

Энэтхэгийн сахарын экпортын төлөв

Энэтхэгийн элсэн чихэр, био эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо (ISMA) 2024/25 оны элсэн чихрийн нийт үйлдвэрлэл 33.3 сая тоннд хүрэх таамаглал тавьсан бол 20%-иар бага буюу 26.52 сая тоннд хүрсэн билээ. Харин 2025 оны 1-р сарын 31-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 12%-иар бага буюу 16.5 сая метр тоннд хүрчээ. Энэтхэгт элсэн чихрийн үйлдвэрлэл 2025 онд мэдэгдэхүйц буурч 27 сая тонноос доош унах төлөвтэй байна. Учир нь:

Түүхий эдийн олдоц багассан: Махараштра зэрэг элсэн чихэр үйлдвэрлэдэг гол мужуудад уур амьсгалын өөрчлөлт, чихрийн нишингийн эрт цэцэглэлтээс шалтгаалан нишингийн ургац багассан.
Этанолын үйлдвэрлэл нэмэгдсэн: Энэтхэг улс 2025 он гэхэд бензинд ордог этанолын хэмжээг 20% хүртэл хувьд хүргэх зорилт тавьсан тул этилийн спиртийн үйлдвэрлэлийг идэвхтэй эрчимжиж байгаа юм. Ингэснээр элсэн чихрийн үйлдвэрлэлд өмнөхөөсөө бага түүхий эд үлдэж, элсэн чихрийн экспорт буурах магадлалтай.

Дотоодын хэрэглээний өсөлт: Дотоодын хэрэглээг 28 сая тонн гэж тооцвол хүлээгдэж буй үйлдвэрлэл 27 сая тонн, үүнээс 4 сая тонн нь этилийн спирт үйлдвэрлэхэд зарцуулагдана.


Гадаад худалдааны бодлого: дотоодын нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2024 онд экпортод хязгаарлалт тависан ба одоогийн байдлаах 2025 онд 1 сая тонн экспортлох квот тогтоосон ба нийт экспорт 3-5 сая тонн байх хүлээлттэй байна.

Дотоодын ба олон улсын ханш

Олон улсын болон дотоодын үнийн хамаарал: графикаас харахад дотоодын үнэ (ягаан) олон улсын ханшийг (цэнхэр) өсөх үед дагаж өсдөгийг харж болно. Гэсэн хэдий гадаад дотоод үнийн хамаарал өндөр биш байгаа нь бусад хүчин зүйлүүд нөлөөлж байгааг харуулна. Жишээлбэл, олон улсын зах зээл дээрх элсэн чихрийн үнэ унахад дотоодын үнэ дагаж буурдаггүй. Учир нь ихэнх гадаад худалдааны хэлцэл урьдчилан тохирсон ханшаар хийгддэгээс гадна долларын ханшийн хэлбэлзэл ихээр нөлөөлдөг. Графикаас харахад дотоодын элсэн чихрийн үнийн хэлбэлзэл нь олон улсын үнэ болон валютын ханшийн хэлбэлзлээс бага байна. Энэ нь зах зээл дээрх цөөн тооны нийлүүлэгчдийн давамгайлал өндөр байгаатай холбоотой.

Долларын ханш ба дотоодын үнийн хамаарал: Жишээ нь гадаад зах зээлийн ханш буурсан хэдий ч төгрөгтэй харьцах долларын ханш өсөхөд дотоодын элсэн чихэрийн үнэ өсдөг. Энэ нь төгрөгийн ханш унахад гадаадаас худалдан авч буй бүтээгдэхүүн илүү үнэтэй болдогтой холбоотой.

Олон улсын ханшийн таамаглал

Sugar No. 11 гэдэг нь олон улсын зах зээл дээрх элсэн чихрийн ханшийг тодорхойлоход өргөн хэрэглэдэг жишиг ханшийн нэршил юм.

График дээр 2027 оны төгсгөл хүртэлх олон улсын фьючерсийн ханшийг харуулсан бөгөөд энэ нь ирээдүйд урьдаас тохиролцсон үнээр худалдаж авах эсвэл зарах гэрээ юм. Ханшаас харахад 2025 оны 3-р сараас 2026 оны 7-р сар хүртэл элсэн чихрийн фьючерсийн ханш буурах ерөнхий хандлага харагдаж байгаа нь зах зээл дээрх нийлүүлэлт нэмэгдэх, эрэлт буурах хүлээлттэй байгааг илтгэнэ. 2026 оны 7 сараас хойш үнэ тогтворжиж, хэлбэлзэл багасан, боломжит ханшид очих магадлалтайг харж болно.
Цэвэршүүлсэн цагаан элсэн чихэр болон түүхий эдийн үнийн зөрүү 2021 оноос хойш хамгийн доод түвшин хүрсэн. Энэхүү бууралт нь Тайланд болон ЕХ-ны элсэн чихрийн нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбоотой бөгөөд үр дүнд нь элсэн чихрийн эрэлтийг буурч болзошгүй. Мөн Энэтхэг улс 2025 онд элсэн чихрийн экспортын хоригоо цуцалбал цагаан элсэн чихрийн ханш улам буурах магадлалтай.

Элсэн чихрийн судалгаа 2025.02 1.pdf3.58 MB • PDF File