- Apex Capital
- Posts
- Томчуудын тайланг эргээд нэг дүгнэвэл 🧐
Томчуудын тайланг эргээд нэг дүгнэвэл 🧐
Гадаад зах зээлийн судалгаа #74

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар тайлангийн улирал эхэлсэнтэй холбоотой томоохон компаниудын тайлангийн мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.
📊 Market Update

Газрын тосны арилжаа тогтвортой эхэлж, WTI төрлийн газрын тосны үнэ баррель 🛢️ тутамд $75 орчим арилжаалагдаж байна. 🇮🇷 Ираны зүгээс Ормузын хоолойгоор тээвэр хийх санал болгож буй шинэ маршрутын талаар Омантай тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн байна. Үүний дараа алтны ханш 4%-иар огцом өсөж, 2 сараас хойших хамгийн өндөр нэг өдрийн өсөлт үзүүлж, унц нь $4,200-с дээш арилжаалагдаж байна.
🇺🇸 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын полисиликон бүтээгдэхүүнд тариф болон доод үнийн босго тогтоохоор бэлтгэж байна. Энэхүү арга хэмжээ нь дотоодын полисиликоны үйлдвэрлэлийг дэмжихээс гадна уг түүхий эдийг ашигладаг АНУ-ын хагас дамжуулагч болон нарны эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой байна.
🇨🇳 БНХАУ дрон болон түүний гол эд анги, технологийг АНУ руу экспортлох зөвшөөрлийн шалгалтыг чангатгаж, АНУ-ын баталгаажуулалтын байгууллагуудын Хятад дахь үйлдвэрийн хяналтад оролцох эрхийг түдгэлзүүлэв. Мөн долоон америк байгууллагатай худалдаа, хамтын ажиллагаа явуулахыг хориглож, импортын оффисын тоног төхөөрөмжид үндэсний аюулгүй байдлын шалгалт эхлүүлсэн байна.
💵 АНУ-ын Сангийн яам лхагва гарагт ирээдүйн өрийн санхүүжилтийн өмнөх төлөвлөгөөгөө хэвээр үлдээж, холбооны Засгийн газрын зээлжилтийн хэрэгцээ нэмэгдэж байгаа ч 2027 он хүртэл Засгийн газрын үнэт цаас болон бондын дуудлага худалдааны хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ илэрхийлэв.
📊 S&P 500: Сүүлийн 7 хоногийн хамгийн өсөлттэй 🟢 бол уналттай 🔴 хувьцаанууд.

🟢 Томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлан, тэр дундаа Microsoft-ийн AI-д суурилсан үүлэн үйлчилгээний орлого хүлээлтээс өндөр гарсан нь технологийн салбар, ялангуяа хиймэл оюуны дэд бүтэц үйлдвэрлэгч компаниудын хувьцаанд эерэг нөлөө үзүүлэв.
🔴Үүний зэрэгцээ АНУ, Ираны хоорондын хэлэлцээ дахин идэвхжсэнээр тохиролцоонд хүрэх хүлээлт нэмэгдэж, газрын тосны үнэ болон эрчим хүчний салбарын хувьцаанууд бууралттай байлаа.
AMD AI-д хүчтэй хөрөнгө оруулж, зах зээлийн эргэлзээг нэмэгдүүлэв

Advanced Micro Devices (NASDAQ:AMD) компани 2026 оны II улирлын санхүүгийн тайлангийн онцлох үзүүлэлтүүд 🧐
Компанийн улирлын нийт орлого $11.54 тэрбумд хүрч, шинжээчдийн $11.31 тэрбумын хүлээлтийг давлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS $1.66 хүрэв
Үйл ажиллагааны ашгийн маржин 27.0%-д хадгалагдаж, зах зээлийн 26.9%-ийн таамгаас ялимгүй өндөр гарчээ.
Судалгаа, хөгжүүлэлтийн зардал $2.53 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн $2.45 тэрбумын хүлээлтээс давсан үзүүлэлт болов.
🔮 Ирээдүйн төлөв:
AMD ирэх улирлын орлогоо $12.70-$13.30 тэрбумын хооронд байна гэж төсөөлсөн нь шинжээчдийн $12.51 тэрбумын дундаж таамгаас өндөр байлаа ✅. Энэ нь компанийн бүтээгдэхүүн, ялангуяа дата
төв болон хиймэл оюуны чиглэлийн шийдлүүдийн эрэлт цаашид ч тогтвортой байх хүлээлтийг илэрхийлж байна.
Компанийн хөрөнгө оруулалтын зардал $808 саяд хүрч, $298.6 саяын зах зээлийн таамгийг мэдэгдэхүйц давжээ 🤯 . Гэвч үйл ажиллагааны ашгийн маржин хүлээлтээс өндөр гарсан тул энэхүү өсөлтийг зардлын дарамт гэхээс илүүтэй үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтэц болон урт хугацааны өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт гэж харагдаж байна.
Судалгаа, хөгжүүлэлтийн болон хөрөнгө оруулалтын зардлаа зэрэг нэмэгдүүлсэн атлаа ашигт ажиллагаагаа хадгалж чадсан нь AMD өсөлтөө санхүүжүүлэхийн зэрэгцээ зардлын удирдлага сайн байна гэж үзэж байна.
AMD компанийн тайлангийн гол үзүүлэлтүүд Wall Street-ийн шинжээчдийн хүлээлтийг давсан, сайн гүйцэтгэлтэй ажилласан ч тайлангийн дараах арилжааны өдөр хувьцааны ханш 7.06%-иар уналт 📉 үзүүлэв. Учир нь хөрөнгө оруулалтын зардал төсөөллөөс огцом өндөр гарсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухааны дэд бүтцэд чиглэсэн өндөр зардал хэзээ бодит өгөөж бий болгох нь тодорхойгүй хэвээр байгаа тул зах зээл AI салбарын хөрөнгө оруулалтын хурдацад илүү шүүмжлэлтэй хандаж байгааг харуулж байна 🥸 .
Үнийн өсөлт болон AI-ийн эрэлт SanDisk-ийн орлогыг шинэ түвшинд хүргэлээ 📈

📊SanDisk 2026 оны санхүүгийн IV улиралд шинжээчдийн таамгийг давсан орлого, ашиг тайлагнаж, өндөр үнэ тогтоолт болон дата төвийн санах ойн бүтээгдэхүүний эрэлт хүчтэй хэвээр байсныг онцоллоо.
🔮 Компани 2027 оны санхүүгийн I улиралд $10.3-$10.8 тэрбумын орлого, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $44-$46 байхаар төсөөлсөн нь зах зээлийн хүлээлттэй ерөнхийдөө нийцсэн үзүүлэлт байв. Гэсэн ч хөрөнгө оруулагчид үүнээс илүү өндөр төсөөлөл хүлээж байсан тул хувьцааны ханш тайлангийн дараах арилжаагаар 2%-иар буурлаа. 📉
💰 IV улиралд компанийн орлого $8.96 тэрбум болж, өмнөх улирлаас 51%, өмнөх оны мөн үеэс 372% өссөн байна. Үүний гуравны нэгийг борлуулалтын хэмжээ, үлдсэн хэсгийг бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ. Мөн GAAP цэвэр ашиг $6.9 тэрбум (нэгж хувьцаанд 43.97 ам.доллар) болж, жилийн өмнөх $23 саяын алдагдлаас эрс сайжирсан байна. 📈
🖥️ 2026 оны нийт орлого $20.25 тэрбум хүрч, өмнөх оноос 175%-иар өссөн бөгөөд өндөр өгөөжтэй харилцагчдын эзлэх хувь нэмэгдэж, үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Ялангуяа дата төвийн орлого бүтэн жилийн дүнгээр 437%-иар өссөн нь AI дэд бүтэц болон байгууллагын хадгалалтын шийдлийн эрэлт эрчимтэй өсөж байгааг харууллаа.
📦 Сегментээр авч үзвэл IV улиралд дата төвийн орлого өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж $2.98 тэрбум, Edge бизнесийн орлого 48%-иар өсөж $5.43 тэрбум хүрсэн бол хэрэглээний бүтээгдэхүүний орлого 32%-иар буурч $556 сая болсон байна.
🔄 Мөн компанийн ТУЗ $14 тэрбумын нэмэлт хувьцаа эргүүлэн худалдан авах (buyback) хөтөлбөр баталж, нийт үлдэгдэл buyback эрхийг $15.5 тэрбум болгон нэмэгдүүлжээ. 🤝 Түүнчлэн дөрөвдүгээр сарын тайлангаас хойш шинээр таван New Business Model гэрээ байгуулснаар нийт ийм төрлийн гэрээний тоо 10 болсон байна.
Томчуудын тайлан S&P500 индексийг түүхэн түвшинд өсгөв. Гэхдээ?

Өнгөрсөн 7 хоногийн эхээр жижиг хөрөнгө оруулагчид технологийн хувьцаагаа 2020 оны цар тахлын үеэс хойш үзэгдээгүй хурдаар сандран зарлаа. Гэвч долоо хоногийн сүүлч гэхэд мөн л тэд эргээд худалдан авч эхлэв. Энэ нь савлагаа зах зээлийн сэтгэл зүй хэр эмзэг байгааг илтгэнэ.
Зах зээл яг юуг шагнаж байна вэ?
Тайлангийн улирал эхлэхээс өмнө хөрөнгө оруулагчдын хүлээлт хэт өндөрссөн байв. Өнөөдрийн зах зээл үнэн хэрэгтээ хоёрхон төрлийн компанийг л урамшуулж байна:
AI-ийн суурь технологийг өөрсдөө бүтээж буй аварга компаниуд
AI-г бизнестээ нэвтрүүлж, өсөлтөө бодитоор хурдасгаж чадсан компаниуд
Тайлангийн улирлын онцлох дүр зураг
Amazon: AI-д зарцуулсан тэрбум, тэрбум доллар эцэст нь бодит орлого болж эргэж ирж байгааг зах зээл нүдээрээ үзэж, санаа амарлаа. AWS үүлэн үйлчилгээний орлого 37 хувиар огцом өсөж 42.2 тэрбум долларт хүрсэн нь сүүлийн жилүүдэд үзэгдээгүй өндөр үзүүлэлт. Эрэлт нь одоогийн хүчин чадлаас нь давсан тул Amazon AI-ийн хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэхээр шийдэв.
Apple: Өсөлтөө хадгалахын тулд AI-ийн уралдаанд заавал түрүүлж давхих шаардлагагүйг Apple харууллаа. Нийт орлого 16 хувиар өсөж 109.4 тэрбум долларт хүрсний дотор Үйлчилгээний сегмент 30.7 тэрбум доллараар түүхэн дээд амжилт тогтоов. Гэхдээ хөрөнгө оруулагчид Apple-ээс AI-ийн жинхэнэ том алхмыг хүлээсээр л байна.
Microsoft: Хамгийн жигд тоглолт - Энэ бүлгээс хамгийн тэнцвэртэй, хүчтэй тайланг Microsoft танилцууллаа. Орлого 18 хувиар өсөж 90.0 тэрбум доллар, үйл ажиллагааны ашиг 40.6 тэрбум долларт хүрэв. AI-ийн тасралтгүй эрэлт Azure үүлэн үйлчилгээний өсөлтийг тогтвортой тэтгэж байна.
Alphabet (Google): AI өнөөдөр ч орлогыг шууд өсгөж чаддагийг Google батлав. Нийт орлого 24 хувиар өсөж 119.8 тэрбум доллар болсны дотор Google Cloud-ийн орлого 82 хувиар үсрэнгүй нэмэгджээ. Удирдлага нь AI-ийн зардлаа дахин өсгөхөөр шийдсэн нь ирээдүйн эрэлтэд хэчнээн итгэлтэй байгаагийн илрэл.
Meta: Үндсэн бизнес нь эрчимтэй өссөөр байгаа ч AI-д зарцуулж буй асар их хөрөнгө хэзээ, яаж ашиг болж эргэж ирэхийг хөрөнгө оруулагчид тодорхой нотолгоотой нь шаардаж байна. Орлого 28 хувиар өсөж 60.8 тэрбум долларт хүрсэн хэдий ч AI-ийн зардлаа дахин нэмнэ гэж зарласны дараа хувьцааных нь ханш уналаа.
Tesla: Big Tech дундаас ирээдүй нь хамгийн тодорхойгүй компани. Орлого 26 хувиар өсөж 28.2 тэрбум доллар болсон ч үйл ажиллагааны ашгийн маржин ердөө 1.4 хувь болтлоо унав. Хөрөнгө оруулагчид Tesla-г энгийн автомашин үйлдвэрлэгч гэж харахаа больж, AI болон роботакси төслүүд нь хэзээ бодит бизнес болохыг л ажиглаж байна.
💰️ Бид юунд хөрөнгө оруулав: “Апекс багц “

2026 он гарснаар бидний багцын дундаж өгөөж 8-р сарын 5 өдрийн зах зээлийн хаалтын ханшаар тооцоход +11.11%-д хүрээд байна.

Багцын хамгийн өндөр өсөлтийг Fortinet (+93.07%) болон AAPL (+38.17%) үзүүлсэн бөгөөд хиймэл оюун ухаан, дата төв, кибер аюулгүй байдлын салбарын эрэлт өндөр хэвээр байгаа нь эдгээр компанийн үнэлгээг хүчтэй дэмжлээ.
Нөгөө талаас Super Micro Computer (-35.33%), Grayscale Ethereum Trust (ETHE) (-32.68%), Erdene Resource Development (-17.34%), Nike (-4.97%) зэрэг хувьцаанууд зах зээлийн хэлбэлзэл, салбарын онцлог шалтгаанаар буурсан хэдий ч багцын нийт өгөөж эерэг хэвээр хадгалагдаж байна.
Одоогийн байдлаар багцын хамгийн өндөр жин Erdene Resource Development (20%) дээр төвлөрч байгаа бол NVIDIA, Amazon, Microsoft, Apple тус бүр 10%-ийн жинтэй байна. Үлдсэн хөрөнгийг 3–5%-ийн жинтэйгээр төрөлжүүлж, 17%-ийг бэлэн мөнгөн хөрөнгө (Cash) хэлбэрээр хадгалж байгаа нь зах зээлийн боломж гарсан үед шинээр хөрөнгө оруулах уян хатан байдлыг бий болгож байна.
Цаашид бид компанийн санхүүгийн тайлан, макро эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого болон геополитикийн өөрчлөлтийг тогтмол үнэлж, шаардлагатай тохиолдолд багцын бүтцийг шинэчилж, эрсдэл болон өгөөжийн харьцааг оновчтой түвшинд хадгалах зорилготой ажиллах болно.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл 💰



