- Apex Capital
- Posts
- Хиймэл оюун ухааны салбарын судалгаа
Хиймэл оюун ухааны салбарын судалгаа

Хиймэл оюун ухааны үүсэл хөгжил
“Artificial intelligence” буюу хиймэл оюун ухаан нь компьютер, технологийн тусламжтайгаар хүний оюун ухаан, сэтгэн бодохтой төстэй үйлдлүүдийг гүйцэтгэх чадварыг бий болгох зорилго бүхий технологи юм.
Анх 1950-аад оны үед Английн математикч, компьютер судлаач Алан Тюринг хиймэл оюун ухааны суурийг тавьсан гэж үздэг. Улмаар 1956 онд Дартмутын зуны судалгааны төсөл /DSRPAI/-ийн үеэр хиймэл оюун ухааны салбарыг эхлэлийг тавьсан байдаг.
Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад 10 байгууллага тутмын ес, бизнес эрхлэгчдийн 35 хувь нь зах зээлд тэргүүлэх, мэдээллийг анализ хийх, оновчтой шийдвэр гаргах зэрэг зорилгын хүрээнд AI-ийг ашиглаж байна.

Дэлхийн дахинаа Засгийн газрууд хиймэл оюун ухааны судалгаа болон хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр буй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын менежментээр тэргүүлэгчдийн нэг “Goldman Sachs”-аас гаргасан судалгаанд дэлхийн хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт энэ оны эцэс гэхэд 200 тэрбум ам.доллар хүрэх хүлээлттэй байна.
AI зах зээлийн сегмент анализ - Дэд бүтэц
Дэд бүтцийн сегментэд техник хангамж (hardware), программ хангамж (software) болон үйлчилгээ багтдаг.
Hardware буюу техник хангамж – Хиймэл оюун ухааны боловсруулалтад техник хангамж чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд AI-ийн загваруудыг сургах (training) болон хэрэгжүүлэлтэд (inference) ашигладаг.
Техник хангамж нь хиймэл оюун ухааны салбарт голцуу чипээр дамжин CPU болон GPU-р ашиглагдана. CPU нь ерөнхий үйлдлүүдийг гүйцэтгэдэг боловч AI-ийн тооцоолол, дата боловсруулахад хамгийн үр дүнтэй нь GPU юм. GPU нь олон үүргийг зэрэг гүйцэтгэх чадвартай бөгөөд машин сургалт (machine learning) болон гүн сургалт (deep learning) загваруудыг хурдан сургах боломжийг олгодог.
Түүнчлэн олон сая тооцоолол хийх шаардлага үүсдэгээс AI-ийн боловсруулалт нь өндөр хүчин чадал шаарддаг. Иймд, сайн техник хангамжгүйгээр AI загваруудын үр ашиг, хурд болон нарийвчлал хангалттай сайн гарахгүй юм.

Software буюу програм хангамж - Програм хангамж нь компьютерийн техник хангамжийг удирдах, өөрчлөх, үйлдэл хийхэд зориулсан бүх програмууд, код, системүүдийг багтаадаг. Хиймэл оюун ухааны боловсруулалтанд програм хангамж нь AI загваруудыг сургах, хэрэгжүүлэх, үйлдлүүдийг автоматаар хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
AI-н үндсэн програм хангамж нь машин сургалтын (machine learning) алгоритмууд (TensorFlow, PyTorch гэх мэт) болон гүн сургатлын (deep learning) загваруудыг сургах, турших, үйлдэлд оруулахад ашигладаг.
Програм хангамж нь хиймэл оюун ухааны алгоритмууд болон загваруудыг хөгжүүлэх, сургах, хэрэгжүүлэхэд ашиглагддаг ба хиймэл оюун ухааныг амжилттай ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Service буюу Үйлчилгээ - Үйлчилгээ нь хиймэл оюун ухааны боловсруулалтад өгөгдсөн үйлдлийг автоматжуулан хэрэглэгчдэд буюу системд санал болгодог програм хангамжийн шийдлүүдийг хэлнэ. Үйлчилгээг ихэвчлэн API эсвэл үүлэн (cloud) платформоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
Хиймэл оюун ухааны API-ууд болон Үүлэн технологийн үйлчилгээ нь AI загваруудыг шууд ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Жишээлбэл, Google Cloud AI, Microsoft Azure AI, IBM Watson гэх мэт үйлчилгээг ашиглан байгууллагууд өөрсдийн AI загваруудыг системдээ хялбархан нэвтрүүлж болох юм. Харин хэрэглэгчид тухайн загварууд дээрх текстийн орчуулга, дүрс таних, видео хийх, харилцан яриа өрнүүлэх гэх мэт үйлчилгээнүүдийг амархан ашиглах боломжийг AI Үйлчилгээ олгодог.
Үүсгэгч AI (Generative AI) нь хиймэл оюун ухааны үйлчилгээний нэг төрөл бөгөөд энэ нь шинэ, урьд өмнө байгаагүй контент (текст, зураг, дуу, видео гэх мэт) үүсгэх чадвартай. Үүний гол онцлог нь AI зөвхөн өгөгдөл боловсруулах эсвэл тодорхой үйлдлийг гүйцэтгэхгүй, харин өмнө нь олж авсан мэдээллээс шинэ зүйл бий болгох чадвартай байдаг.

AI зах зээлийн сегмент анализ - Байгууллага
Байгууллагын сегментээр хиймэл оюун ухааны зах зээл нь том байгууллагууд болон жижиг, дунд хэмжээний байгууллагууд гэж хуваагддаг. Том байгууллагууд нь 2024 онд хиймэл оюун ухааныг илүү бүтээмжтэй ажиллахын тулд ашиглаж байна. IBM-н судалгаагаар олон улсын томоохон байгууллагуудын 42% нь AI-г бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд эдгээр байгууллагуудын IT мэргэжилтнүүдийн 59% нь AI-г идэвхтэй ашиглаж байгаа байна.
Жижиг, дунд хэмжээний байгууллагууд ирэх арван жилд хамгийн өндөр өсөлттэй ажиллах хүлээлттэй байгаа ба SAP-с гаргасан судалгаагаар SME (жижиг, дунд байгууллагууд) хиймэл оюун ухааныг өөрсдийн байгууллагад нэвтрүүлснээр жил бүр 6-10 хувийн орлогын өсөлт үзүүлэх боломжтой байна.

AI зах зээлийн сегмент анализ - Технологи
Технологийн сегментэд гүн сургалт (deep learning), машин сургалт (machine learning), эх хэлний боловсруулалт (natural language processing), машины хараа (machine vision) зэрэг багтдаг.
Гүн сургалт (deep learning) - Гүн сургалт (Deep Learning) нь машин сургалтын нэг төрөл бөгөөд нейрон сүлжээ ашиглан өгөгдлийг боловсруулж, асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга юм. Энэ нь олон давхаргатай нейрон сүлжээг ашиглан харах, сонсох, ойлгох гэх мэт хүнтэй адил шийдвэр гаргах чадвартай болгоход тусладаг. Гүн сургалт нь хиймэл оюун ухааны гол технологи болсон бөгөөд дүрс таних, дуу таних, хэл яриа таних гэх мэт үйлдлүүдээр олон салбарт хэрэглэдэг.
Машин сургалт (machine learning) - Машин сургалт (Machine Learning) нь компьютеруудад мэдээлэл дээр үндэслэн автоматжуулах болон шинэ зүйлсийг ойлгох чадвар олгох арга юм. Энэ нь хүний оролцоогүйгээр систем өөрийгөө сайжруулах боломжийг олгодог. Машин сургалт нь өгөгдөл дээр суурилсан загвар боловсруулж, тодорхой зүйлсийг таньж, хариу үйлдэл үзүүлдэг. Жишээ нь, цахим шуудангийн Spam шүүлт, зургийн танилт болон урьдчилсан таамаглал хийх гэх мэт багтана.
Эх хэлний боловсруулалт (NLP) - Эх хэлний боловсруулалт (Natural Language Processing) нь хүнтэй харилцах хэлний өгөгдлийг компьютер ойлгох, боловсруулах, ашиглах чадварыг олгодог. Энэ нь текст болон хэл яриа-г компьютерт ойлгомжтой болгох үүрэгтэй. NLP нь хэлний бүтэц (дүрэм, үгийн утга) болон ойлголт (судалгаа, орчуулга, чатбот) хийх чадварыг хөгжүүлдэг. Жишээ нь, автомат орчуулга, хэлний шинжилгээ, улс орны хэл таних зэрэг хэрэглээнүүд багтана.
Машины хараа (Machine Vision) - Машин хараа (Machine Vision) нь хиймэл оюун ухаан болон мэдээлэл боловсруулалтын нэг төрөл бөгөөд компьютерууд болон механик системүүд-ийг зургийн мэдээллийг ойлгох, дүрс таних, харах чадвартай болгох зорилготой. Энэ нь камер, сензор болон зургийн боловсруулалт ашиглан объектуудыг таних, хэмжих, ялгах зэрэг үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Машин хараа нь үйлдвэрлэл, эм тариа, авто тээвэр зэрэг олон салбарт ашиглагддаг. Жишээ нь алдаатай бараа материал шалгах, гэмтэл бэртэл шалгах, тоон хэмжээ авах гэх мэт.

AI зах зээлийн сегмент анализ - Дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
АНУ-ын Засгийн газрын гүйцэтгэх захирамжаар инновацад саад болж байсан өмнөх бодлогыг цуцалж, тус улсын хиймэл оюун ухааны /AI/ манлайллыг хадгалах зорилгоор 180 хоногийн дотор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чиглэлийг гаргасан.
Түүнчлэн АНУ-ын “Stargate” төслийн хүрээнд “OpenAI”, “Softbank”, “Oracle” компанийн хиймэл оюун ухааны дэд бүтцэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Нөгөөтээгүүр БНХАУ-ын хиймэл оюуны зах зээл эрчимтэй хөгжиж хэд хэдэн компаниуд томоохон ахиц дэвшил гаргаж буй. Үүний гол тоглогч нь тоон арилжааны мэргэжилтэн Лян Вэнфэний 2023 онд үүсгэн байгуулсан “DeepSeek” компани юм.
“DeepSeek” компани нь “DeepSeek-R1” гэх мэт нээлттэй загваруудыг хөгжүүлсэн бөгөөд эдгээр нь “OpenAI”-ийн “GPT-4” загвартай төстэй хариулт өгдөг ч илүү хямд өртөг, бага тооцооллын нөөц шаарддаг. Энэ үр ашиг нь дэлхийн AI зах зээлд өрсөлдөөн бий болгож AI компаниудын хувьцааны ханшид томоохон өөрчлөлтийг бий болгоод байна.
Хиймэл оюун ухааны салбарын хөгжил 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт нийт 15.7 их наяд ам.долларыг нийлүүлэх хүлээлттэй байна.

AI зах зээлийн сегмент анализ - Бүс нутаг
Хиймэл оюун ухааны зах зээлийн үнэлгээний 36.6 хувь буюу дийлэнх хувийг Хойд Америк эзлэн 76.89 тэрбум ам.доллар хүрчээ. Хойд Америк зах зээлд ноёрхож байгаа нь “IBM Corporation”, “Microsoft Corporation” зэрэг томоохон байгууллагуудтай холбоотой ба үүсгэгч хиймэл оюун ухааны эрэлт өссөнтэй холбоотойгоор АНУ-ын томоохон байгууллагууд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтыг ихэсгэжээ.

LAMEA - Латин Америк, Ойрхи Дорнод, Африк
AI зах зээлийн сегмент анализ - Аж үйлдвэрийн салбар
Аж үйлдвэрийн салбар нь эрүүл мэнд, автомашин, жижиглэн худалдаа, банк санхүү, үйлдвэрлэл, газар тариалан, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбараар хуваагдаж болно.

Дээрх графикаас харвал банк санхүү, даатгалын салбар хиймэл оюун ухааныг ашиглан хамгийн их орлого олж 16 хувийг бүрдүүлсэн ба шинжээчид хамгийн их өсөлт үзүүлэх боломжтой салбар хэмээн таамаглаж байна. Банк санхүү, даатгалын салбар AI-ийн тусламжтайгаар бүртгэлийн лавлагаа, зээлийн хүсэлт, луйвраас сэргийлэх систем, кредит онооны хяналт зэрэг олон ажлыг хөнгөвчлөх боломжтой байна.
Эрүүл мэндийн салбар мөн адил хиймэл оюун ухааны тусламжтайгаар хамгийн өндөр орлогын өсөлттэй салбаруудын нэг болох боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.
AI зах зээлийн өсөлт хэзээнээс эхэлсэн бэ?

Дээрх статистик нь 2023 онд дэлхий даяар тэргүүлэгч машин сургалтын гарааны бизнес эрхлэгч компаниудын төвлөрүүлсэн хөрөнгийг харуулж байна. “Ковид-19” цар тахлын үеэр хиймэл оюун ухааны санхүүжилт эрчимжсэн ба 2023 онд тус салбарын гарааны бизнес эрхлэгч компаниудын төвлөрүүлсэн хөрөнгө өмнөх онуудаас эрчимтэй өссөн.
Уг өсөлтийг “OpenAI” компани 11 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлж тэргүүлсэн бол “Anthropic” буюу “OpenAI”ийн хуучин ажилчдын үүсгэн байгуулсан компани нэг тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлж 2-рт бичигдсэн байна.
“Ковид-19“ цар тахал нь бизнесүүдийн үйл ажиллагаанд хүчтэй өөрчлөлт үзүүлсэн ба компаниуд энэхүү өөрчлөлтөд хиймэл оюун ухааны үүлэн систем ашиглан шилжсэн. Энэхүү шилжилт нь машин сургалт гэх зэрэг хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд хүргэсэн ба эрүүл мэндийн салбар илүү үр дүнтэй, нарийвчлалтай оношилгоо гаргахын тулд энэхүү технологийн хөгжүүлэлтийг хийсэн анхны салбаруудын нэг байсан юм.
Үүсгэгч хиймэл оюун ухаан хэрхэн нөлөөлсөн бэ?
Үүсгэгч хиймэл оюун ухааны хэрэгслүүд нь орчуулга хийх, код бичих, математикийн бодлого бодох, хөгжим зохиох, богино өгүүллэг зохиох гэх мэт олон төрлийн даалгаврыг хийх хүчин чадалтай ажилладаг. OpenAI компани ChatGPT-г 2022 оны 11-р сард зах зээлд танилцуулсны дараа тав хоногийн дотор нэг сая хэрэглэгчийг татсан ба доорх статистик нь онлайн үйлчилгээ үзүүлдэг алдартай компаниуд нэг сая хэрэглэгч татахын тулд хэр хугацаа зарцуулсныг харуулж байна.

ChatGPT зах зээлд танилцуулагдсаны дараа олон улсын томоохон технологийн компаниуд өөрсдийн хиймэл оюун ухаанд суурилсан чат ботийг гаргаж эхэлсэн ба энэ нь өөрийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах чухал өөрчлөлт байсан юм. Үүний нэгэн жишээг дурдвал 2023 оны 2-р сард “Baidu” корпорац өөрсдийн “Ernie” гэх AI чат ботийг зах зээлд танилцуулсан ба хувьцааны ханш нь 13 хувь өсөж байжээ.
“Bloomberg Intelligence”-ээс гаргасан судалгаанд дараагийн 10 жилд үүсгэгч хиймэл оюун ухааны зах зээл 1.3 их наяд ам.доллар хүрэх боломжтойг тодотгожээ. Одоогоор үүсгэгч хиймэл оюун ухаан трансформаторт суурилсан текст үүсгэх загварууд болон тархалтад суурилсан дүрс үүсгэх загваруудыг ашиглан өгөгдлийн дагуу нарийн ажиллаж томоохон мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг байна.
Үүсгэгч хиймэл оюун ухаан орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
2023 онд үүсгэгч хиймэл оюун ухаан мэдээлэл технологийн үйлчилгээнээс 167 сая ам.доллар, бизнесийн үйлчилгээнээс нийт 79 сая ам.долларын орлого олсон. Харин 2032 он хүртэлх шинжээчдийн таамаглалаар үүсгэгч хиймэл оюун ухаан ашиглан хамгийн их өсөлтийг IT service үзүүлэх боломжтой ба жил бүр ойролцоогоор 99 хувь өсөлт үзүүлэн 2032 онд нийт 79.9 тэрбум ам.долларыг олох боломжтой байна. Түүний дараа бизнесийн салбарын үйлчилгээ жил бүр 94 хувь өсөлт үзүүлэн 2032 онд 30.7 тэрбум ам.доллар нийт орлого олно хэмээн шинжээчид таамаглаж байна.

AI ашигладаг технологийн томоохон компаниудын одоогийн уналт юутай холбоотой вэ?

Өнгөрсөн оны 9-р сарын 18-нд АНУ-ын инфляцын түвшин тогтмол буурч байсантай холбоотойгоор Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 50 нэгжээр буулгаж 2024 оны 12-р сарын 18-ий өдрийг хүртэл 25 нэгжээр 2 удаа буулган нийт 1 хувийн таналт хийжээ. Үүнтэй холбоотойгоор зах зээлд төв банк цаашид зөөлөн мөнгөний бодлого барих хүлээлт үүсэн хөрөнгө оруулагчид технологийн хувьцаануудыг худалдан авч хамгийн дээд ханшуудад хүргэж байжээ.

Хөрөнгийн зах зээлийн 2024 оны өсөлтийн нэгээхэн шалтгаан нь Ерөнхийлөгч Д.Трамп мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжин ажиллахаа тодотгосонтой холбоотой байжээ. Гэвч Д.Трамп бүрэн эрхээ авсны дараа ХНС-г бодлогын хүүгээ буулгахыг шаардсан ба дэлхийн томоохон улс орнуудад худалдааны хориг тогтоож эхэлсэн нь дэлхийн хувьцааны зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэн томоохон уналтыг бий болгосон. Цаашид худалдааны дайнаас хамаарч АНУ-ын эдийн засагт хямрал үүсэж болзошгүй байгаа ба энэ талаар Ерөнхийлөгч Д.Трамп мөн шууд бусаар мэдэгдсэн.
Үүний гол шалтгаан нь АНУ 2025 онд хугацаа нь дуусах 6.5 их наяд ам.долларын бондыг 4.304 хувийн хүүгээр дахин санхүүжүүлэх шаардлагатай тулсан ба ХНС-с бодлогын хүүг 25 нэгжээр танах төдийд нийт өр төлбөрөөс 263.5 тэрбум хадгалагдах боломжтой байна.
Энэ оны 4-р сард хугацаа нь дуусах 1.9 их наяд ам.долларын бонд дахин санхүүжүүлэлт хийгдэхээс өмнө АНУ-н эрх баригчид бодлогын хүүг бууруулахыг ХНС-с эрчимтэй шаардах боломжтой хэмээн шинжээчид үзэж байгаа байна.
АНУ-н Төв банк болон Засгийн газрын бодлого хэрхэн энэхүү асуудал дээр зөвшилцөх, дэлхийн томоохон гүрнүүдийн худалдааны дайн хэрхэн өрнөхөөс хамаарч хөрөнгийн зах зээлийн энэ оны цаашдын хөдөлгөөн шийдэгдэх боломжтой байна.
Өөр нэгэн шалтгаан
Хиймэл оюун ухаантай холбоотой технологийн томоохон компаниудын уналтын гол шалтгаан нь дэлхийн томоохон гүрнүүдийн худалдааны дайн, өндөр хүүгийн дарамт, геополитикийн асуудлууд зэрэг макро түвшинд байсан хэдий ч томоохон байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн тайланд хиймэл оюун ухаантай холбоотой нийт орлого болон цэвэр ашиг, дараа улирлын төсөөлөл, AI-д хийх хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтүүд нь зах зээлийн хүлээлтэд хүрээгүй ба энэ нь AI ашигладаг технологийн томоохон компаниудын хувьцааны уналтын бас нэгээхэн шалтгаан байсан юм.
AI зах зээлийн дараагийн давлагаа

Квантын хиймэл оюун ухаан нь квантын тооцоолол болон хиймэл оюун ухааныг хослуулан ажилладаг ба уламжлалт хиймэл оюун ухааны хүчин чадал хүрэхгүй асуудлуудыг шийдэх боломжтой. Квантын тооцоолол нь квантын механикийн зарчмаар ажилладаг бөгөөд суперпозици болон entanglement зэрэг үзэгдлүүдийг ашиглан уламжлалт тооцооллын хүрч чадахгүй хурдаар тооцоолол хийх боломжийг олгодог. Энэхүү квант тооцооллыг хиймэл оюун ухаантай нэгтгэснээр уламжлалт оюун ухааны дараагийн үе шат буюу квант хиймэл оюун ухаан бий болж байгаа юм.
Энэ хүчирхэг хослол нь эрүүл мэнд, банк санхүү, кибер аюулгүй байдал зэрэг олон салбаруудад хувьсгал хийх төлөвтэй байна.
Квантын хиймэл оюун ухаан нь эмийн шинэ молекулуудыг илрүүлэх үйл явцыг хурдасгах боломжтой бөгөөд энэ нь эмийн олдворын салбарт чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн томоохон химийн урвалуудыг оновчтой, нарийн зохион байгуулалттайгаар симуляц хийх чадвартай тул эмчилгээ хийхэд хүнд өвчнийг эмчлэхэд томоохон ахиц дэвшилд хүргэнэ.
Санхүүгийн салбарт квантын хиймэл оюун ухаан нь эрсдэлийн үнэлгээ болон багцын менежментэд хувьсгал хийх боломжтой. Зах зээлийн нарийн мэдээллийг шинжилж олон тооны хувьсагчийг зэрэг авч үзэн хөрөнгө оруулагчдад томоохон давуу тал өгөх үнэтэй мэдээллийг санал болгох боломжтой.
Кибер аюулгүй байдлын салбарт квантын хиймэл оюун ухаан нь одоогийн шифрлэлт аргачлалуудыг аюулд оруулах боломжтой томоохон халдлагуудаас хамгаалах боломжтой.
Хэдийгээр квантын хиймэл оюун ухааны хөгжүүлэлт эхний шатанд явж байгаа боловч квантын хиймэл оюун ухааны хувьсгалт чадварууд нь бараг бүх салбарт нөлөөлөл үзүүлэн технологийн шинэ дэвшлийг бидэнд авчрах нь цаг хугацааны асуудал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Хиймэл оюун ухаан нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэр, бизнесийн үйл ажиллагаанд томоохон хөгжил дэвшлийг авчирч байна. Технологийн салбарын өсөлт, AI-ийн өргөн хэрэглээний түвшин нь ирээдүйд ихээхэн нөлөөлж томоохон байгууллагууд болон жижиг аж ахуйн нэгжүүдийн орлогыг өсгөн бүтээмжийг нэмэгдүүлэх болно.
Дэлхийн томоохон гүрнүүд хиймэл оюун ухааны тусламжтай өөрсдийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжин хэдэн их наядаар хэмжигдэх ам.долларыг эдийн засагтаа нийлүүлэх боломжтой.
“Ковид-19“ цар тахлын үеэр хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж дэлхийн зах зээлд байр сууриа эзэлсэн хэдий ч тахлаас хамааралтай дэлхийн томоохон гүрнүүд их хэмжээний бэлэн мөнгө хэвлэн зах зээлд нийлүүлсэн ба үүнээс шалтгаалан инфляцын түвшин түүхэн хэмжээнд өсөн дэлхийн төв банкнууд бодлогын хүүг хурдацтай ихэсгэсэн. Энэхүү өндөр хүүгийн дарамт нь өнөөгийн хөрөнгийн зах зээлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.
Төв банк болон засгийн газрын бодлого, геополитикийн асуудлууд, худалдааны дайн зэрэг макро хүчин зүйлс нь цаашид хөрөнгийн зах зээлийн өсөлтөд саад болох боломжтой хэдий ч хиймэл оюун ухаан ашигладаг технологийн салбарын компаниудад шинэ сорилт туулах боломжийг өгч байна. Шинжээчдийн дүгнэлтээр хиймэл оюун ухаан ойрын болон холын ирээдүйд дэлхийн улс гүрэн, компаниудад өгөх үр өгөөж, бүтээмжийн хэмжээ жил ирэх тусам ихсэх нь зайлшгүй үр дүн хэмээн үзэж байна.
Квант хиймэл оюун ухаан нь одоогийн хиймэл оюун ухааны дараагийн шинэ инновац болж дэлхийн бүх аж үйлдвэрийн салбараас авхуулаад дэлхийн бүхий л улсуудын орлого болон ажлын бүтээмжийг өсгөх боломжтой. Хэдийгээр Квант хиймэл оюун ухааны хөгжүүлэлт одоогоор эхний шатанд явж байгаа хэдий ч зах зээлд танилцуулагдан үр дүнгээ өгөх цаг ирнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна.
|
