• Apex Capital
  • Posts
  • 📊 MSFT: Microsoft Corp-ийн зах зээлийн судалгаа

📊 MSFT: Microsoft Corp-ийн зах зээлийн судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #16

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын Microsoft Corp-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Microsoft Corp нь нээлттэй арилжаалагддаг дэлхийн хамгийн том компани бөгөөд сүүлийн жилүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ AI нэвтрүүлж байгаатай холбоотой борлуулалт, ашиг, орлого нь нэмэгдсээр байна.

2025 он гараад 4 сарын эхээр АНУ-Хятадын тарифтай холбоотой маргаан үүсэж Microsoft ч гэлтгүй хөрөнгийн зах зээл бүхэлдээ унасан хэдий ч “Гайхамшигт 7”-оос хамгийн бага уналттай байсан нь Microsoft байлаа. Учир нь тухайн компанийн хувьд биет бүтээгдэхүүний борлуулалт бага билээ. Ийнхүү 2025 он гарснаас хойш ойролцоогоор 0.01%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна.

52 долоо хоногийн доод ханш $344.79, дээд ханш $468.35 байсан ба 5 сарын 6-ны өдрийн ханш $436.17 байна.

📝 Microsoft Corp компанийн үйл ажиллагааны тайлан

Microsoft Corp-ийн хувьд санхүүгийн жил нь 7 сарын 1-ээс дараа жилийн 6 сарын 30 хүртэлх хугацааг тооцдог юм. 4 сарын 30-ны өдөр тухайн компанийн 2025 оны 3-р улирлын тайлан нь гарсан.

Тус компанийн орлогыг Productivity and Business Process, Intelligent Cloud, More Personal Computing гэсэн 3 ангилалд хуваан авч үздэг.

  • Productivity and Business Process: Орлогын энэ ангилалд ихэвчлэн оффисын программ хангамж, бизнесийн хэрэглээний платформууд орно. Жишээ нь: Microsoft 365 хэрэглээний программууд(Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт), LinkedIn, Dynamics

  • Intelligent Cloud: Энэ ангилалд сервер, үүлэн технологийн платформууд, хиймэл оюун ухаан, өгөгдлийн баазууд багтана. Жишээ нь: Azure, Windows Server, Nuance Healthcare болон тэдгээрийн үүлэн технологийн үйлчилгээнүүд, виртуал дэлгэцүүд

  • More Personal Computing: Windows болон дэлгэцүүд, тоглоомууд, интернэт хайлтын систем болон зар сурталчилгааны мэдээнүүд хамаарна.

  • Productivty and business process ангиллын хувьд 2024 оны байдлаар 12%-ийн өсөлттэй байсан бөгөөд голчлон оффисын программууд (+14%), Dynamics 365 (+24%), LinkedIn (+9%) зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс дийлэнх орлогыг бүрдүүлдэг байна. 2025 оны эхний 3 улирлын орлого нь өмнөх оны бүтэн жилийн орлогоос аль хэдийнээ давсан үзүүлэлттэй байна.

  • Intelligent Cloud нь Microsoft компанийн нийт орлогын хамгийн их буюу 43%-ийг бүрдүүлдэг бөгөөд үүнд Azure болон түүний үүлэн технологийн үйлчилгээнээс хамгийн том нөлөөллийг үзүүлдэг.

  • More Personal computing ангиллын орлогын хэмжээ 2023 онд агшсан үзүүлэлттэй байсан нь Windows лиценз (-13%), зөөврийн компьютер (-20%), Xbox (-13%) зэргийн орлого тус тус буурсантай холбоотой.

Microsoft компани нь орлогын тайлан дээрээ орлогоо бүтээгдэхүүн болон үйлчилгээ гэж 2 хэсэгт хуваан харуулдаг.

  • Бүтээгдэхүүн хэсэгт нэг удаагийн худалдан авалтаас орж ирдэг орлогууд болох Windows лиценз, зөөврийн компьютерүүд, таблетууд зэрэг багтана. Энэхүү орлогын хэсгийн нийт орлогод эзлэх хэвийн жин жил бүр багассаар байна.

  • Үйлчилгээний хэсэгт гишүүнчлэл, үүлэн технологийн үйлчилгээ, онлайн сурталчилгаа зэрэг үргэлжилсэн үйлчилгээний орлогууд багтана. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой энэхүү хэсгийн орлоо нэмэгдсээр байгаа. Мөн ирээдүйд ч нэмэгдэх хүлээлттэй байгаа билээ.

📔 Microsoft Corp компанийн 2025 оны III улирлийн санхүүгийн үзүүлэлтүүд

📈 2025 оны III улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Microsoft компанийн нийт орлогын хэмжээ $70 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13%-ийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.

  • Цэвэр ашгийн хэмжээ 2024 онтой харьцуулахад 18%-иар өсөж, $25.8 тэрбумд хүрэв.

  • Орлогын өсөлтөд нөлөөлсөн томоохон үйлчилгээ бол Microsoft cloud-ийн орлого $42.4 тэрбумын орлогыг бүрдүүлсэн нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 20%-ийн өсөлттэй байлаа.

  • Энэ улирлын онцлох зүйл нь хиймэл оюун ухаан дээр суурилсан Azure үүлэн технологийн үйлчилгээнээс томоохон орлогыг бүрдүүлсэн бөгөөд Azure-гийн өсөлт нь 35% хүрээд байгаа юм.

  • III улирлын тайлан сайн гарсантай холбоотой тайлангийн маргааш хувьцааны ханш 7.7%-иар өсөж, шинжээчид хувьцааны үнийн таргетаа өсгөж $500 болголоо.

📌 Харьцаа үзүүлэлт

  • Microsoft-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг нь жил бүр өсөлттэй байгаа. 2023 онд өсөлт нь хэдий саарсан ч 2024 онд AI болон үүлэн технологийн эрэлт өсөж байгаатай холбоотой огцом өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийт хөрөнгийн өгөөж нь 2024 оны байдлаар 17% байгаа бол сүүлийн 2021-2024 оны дунджаар 18%-тай байна.

  • Эздийн өмчийн өгөөж нь 2024 оны байдлаар 33%-тай байгаа бол 2021-2024 оны дундаж нь 39% тай байгаа юм.

  • Үнэ ашгийн харьцаа нь өмнөх жилээс буурсан хэдий ч одоогоор 33.49 байгаа нь “Гайхамшигт 7” болон “S&P 500”-ын харьцаа үзүүлэлтүүдээс харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ нь тухайн компани AI дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлдэгтэй холбоотой ирээдүйд ашиг, орлого, үнэ цэнэ нь өсөх хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд өндөр байгааг илтгэж байна.

  • Үнэ дансны харьцааны одоогийн үзүүлэлт нь 10.01 байгаа нь “Гайхамшигт 7”-ын харьцаанаас 14%-иар бага S&P 500-ээс 51%-иар өндөр байна.

  • 🔍 Техник шинжилгээ

  • Microsoft нь 2020 оны 3 сараас оргил үе хүртлээ 257% өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн ханш нь оргил үеэсээ 7.5% орчмоор бууралттай байгаа юм.

  • 4 сарын эхээр тарифтай холбоотой хөрөнгийн зах зээл уналт үзүүлсэн хэдий ч 330-350 хоорондох томоохон дэмжлэгийн бүсээс доош оролгүй дэмжлэг аван өсөлт үзүүллээ.

  • Microsoft нь 4 сарын 30-нд 2025 оны III улирлын тайлангаа танилцуулав. Тус тайлан сайн гарсантай холбоотой хувьцааны ханш томоохон өсөлт үзүүлэн богино хугацааны уналтын трендийг шалган ханш тогтворжсон байдалтай арилжаалагдаж байна.

  • Чартаас харвал хэрэв хувьцааны ханш цааш үргэлжлэн өссөөр байвал $505-д хүрэх боломжтой боловч геополитик, болон эдийн засгийн тогтворгүй байдлаас уналт ирвэл худалдан авах боломжтой бүсүүдээс ханшаа дундажлан урт хугацааны хөрөнгө оруулалтыг хуваан хийх боломжтой харагдаж байна. Бидний зүгээс ирэх 4 жилийн хугацаанд 600 орчим ам.доллар хүрэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Дүгнэлт

 📈 Microsoft Corp-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дэлхий даяар маш олон хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон нь тухайн компани нь аль хэдийнээ зах зээлийн байр сууриа урт хугацаанд бий болгосныг илтгэнэ. Мөн сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлттэйгээ уялдан хиймэл оюун ухааныг өөрсдийн бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлж байгаа нь тухайн компанийн ирээдүйд олох ашиг, орлогын хүлээлт нэмэгдэх хүлээлттэй байгаа билээ.

🧑‍⚖️ Макро эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал нь тухайн компанид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа ч бусад технологийн компаниудтай харьцуулахад хувьцааны ханш нь харьцангуй тогтвортой байгаа юм. Одоогоор ихэнх мэргэжлийн томоохон шинжээчид тус хувьцааг худалдаж авах тохиромжтой гэж үзэж байна.

✅ Таны хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй байх хувьцааны нэг бол Microsoft компанийн хувьцаа бөгөөд ирээдүйн өсөн нэмэгдэх үнэ цэнд одоогоос хөрөнгө оруулалт хийх нь нэн тохиромжтой цаг үе юм.

Хөрөнгө оруулагч та Microsoft Corp компанийн дэлгэрэнгүй судалгааг үзэхийг хүсвэл энд дараарай.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна. Засгийн газрын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.10%-0.46%-р буурсан байгаа бол компанийн бондуудын ханш 0.01%-0.57%-р буурсан байдалтай байна. Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 0.46%-р буурсан бол компанийн бондууд дундаас 2030 онд дуусах MMC бонд хамгийн өндөр буюу 0.57% буурч өгөөж нь 10.85% болсон байна.

Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 6.06%-7.93% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 8.90%-13.25% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор ХХбанкны TDBM 29 бонд 13.25%-н өгөөжтэй тэргүүлж байна.