• Apex Capital
  • Posts
  • Moderna нэг өдөрт +176.97% 🚀: Хорт хавдрын вакцины амжилт

Moderna нэг өдөрт +176.97% 🚀: Хорт хавдрын вакцины амжилт

Гадаад зах зээлийн судалгаа #76

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн тоймыг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Market Update

💸 Өрийн зах зээл: АНУ-ын нийт өр түүхэндээ анх удаа $40 их наяд давлаа. Өнгөрсөн зуны татварыг бууруулах хууль нь өрийн өсөлтийг таамаглаж байснаас хурдасгасан бөгөөд хүүгийн зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дараа орох төсвийн 3 дахь том зардал боллоо.

🛢️ Газрын тос: Brent төрлийн газрын тосны ханш 5 дахь өдрөө дараалсан өсөж $91.85 хүрэв. Трамп Иран хэлэлцээр хийхээс зайлсхийсэн гэж буруутгаж, урьд өмнө байгаагүй “Эдийн засгийн хориг” явуулахаа мэдэгдсэн эрчим хүчний үнийн өсөлтийг дэмжив.

🌏️ Азийн зах зээл: MSCI Asia Pacific индекс +1%, Өмнөд Солонгосын Kospi +4% өсөж 2 өдрийн уналтаа зогсоов. SK Hynix хувьцаагаа эргүүлэн худалдан авах мэдээгээр 8%-иас дээш өсөж Kospi индексийн өсөлтөд нөлөөллөө. Япон, Австралийн индексүүд мөн өсөлттэй хаагдав.

🪙 Крипто: Bitcoin +0.8% өсөж ~$69,600 хүрч сүүлийн 2 сарын хугацаан дахь дээд түвшинд хүрэв. Трамп крипто салбарын гол хуулийг батлахыг Конгресст шахаж, Цагаан ордонд салбарын удирдлагуудыг хүлээн авсны дараа нэг цагийн дотор $1 тэрбум гаруй short position албадан хаагдав.

⭐️ Онцлох компани: Moderna, Merck хамтарсан хорт хавдрын эсрэг вакцины эмнэлзүйн туршилт амжилттай болсныг зарласнаар (NASDAQ: MRNA) компанийн хувьцааны ханш 🚀 176.97%-иар огцом өсөж, 174.38 ам.долларт хүрч түүхэн дээд өсөлтүүдийнхээ нэгийг үзүүллээ.

📊 S&P 500: ХАМГИЙН өсөлттэй 🟢 болон уналттай 🔴 

🔴 Сүүлийн 5 арилжааны өдөрт урт хугацаат ЗГ- ын бондын өгөөж сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь хувьцааны индексүүдэд дарамт 📉 болов.

📍Өндөр өгөөж нь технологийн компаниудын ирээдүйн ашгийн өнөөгийн үнэ цэнийг бууруулахаас гадна AI дэд бүтэц болон хөрөнгө оруулалтаа өрөөр санхүүжүүлэх зардлыг нэмэгдүүлдэг тул технологийн хувьцааны уналтыг эрчимжүүлэв.

🟢 Харин хөрөнгө оруулагчид эрсдэл багатай салбарууд руу шилжсэнээр жижиглэн худалдаа, эрчим хүч болон эрүүл мэндийн салбарууд харьцангуй сайн гүйцэтгэл үзүүллээ.

📍 Ялангуяа шинэ эм, эмчилгээний хөгжүүлэлттэй холбоотойгоор эрүүл салбар онцгой өсөлттэй байсан бөгөөд манай биотехнологийн судалгаагаар санал болгож байсан SBIO ETF түүхэн дээд ханшдаа хүрч, санал болгосон түвшнээс 42%-иар өсөөд байна.

АНУ-ын улсын өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа

АНУ-ын өрийн өсөлт сүүлийн жилүүдэд хурдассан бөгөөд 🧾 татварын бууралт, 😷 цар тахлын үеийн төсвийн дэмжлэг, өмнөх дайнуудын зардал 🔫 зэрэг олон хүчин зүйл өнөөгийн түвшинд хүрэхэд нөлөөлсөн байна.

Зээлийн хүү өндөр түвшинд хадгалагдаж байгаатай холбоотойгоор өрийн хүүгийн төлбөр АНУ-ын төсвийн гурав дахь том зардал болж, зөвхөн эрүүл мэнд болон Social Security-ийн зардлын дараа орох болсон байна. Энэ нь шинээр өр босгох тусам хүүгийн зардал өсөж, улмаар дахин илүү их өр тавих шаардлага бий болох “өрийн мөчлөг”-ийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.

🏦 💸 Treasury урт хугацааны бондын зах зээлд оролцов.

👨‍⚖️ Зээлийн өртгийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор АНУ-ын Сангийн яам 10-30 жилийн хугацаатай бондын хөрвөх чадварыг дэмжих буцаан худалдан авалтын хэмжээг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэхээр зарлав. Уг шийдвэрийн дараа 30 жилийн Treasury бондын өгөөж буурч, ам.долларын ханш 5 дугаар сарын дунд үеэс хойших хамгийн сул түвшинд хүрсэн байна.

📈 Энэхүү шийдвэр нь зах зээлд эерэг нөлөө үзүүлж хувьцааны индексүүд сэргэсэн бол бондын өгөөж болон ам.долларын ханшийн бууралт алтны эрэлтийг нэмэгдүүлж, үнэ нь 3%-иас дээш өсөв.

🥸 Гэсэн хэдий ч Treasury-ийн бондын буцаан худалдан авалт нь зах зээлийн богино хугацааны дарамтыг бууруулж болох ч АНУ-ын 40 их наяд ам.доллар давсан өр, өсөн нэмэгдэж буй хүүгийн зардлын суурь асуудлыг шийдэхгүй юм. Иймээс цаашид төсвийн алдагдал, урт хугацааны бондын өгөөж болон Засгийн газрын өрийн санхүүжилтийн өртөг АНУ-ын санхүүгийн зах зээлийн гол эрсдэлийн нэг хэвээр байх төлөвтэй байна.

🇺🇲🇮🇷: Трампын шинэ тактик “Economic D-Day“ ⚠️

Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаанаас гадна эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж, үүнийг “Economic D-Day” хэмээн тодорхойлов. Тэрээр Иранд санхүү, худалдаа, тээвэр болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж буй улс орнууд эдийн засгийн ноцтой үр дагавартай нүүр тулна гэж анхааруулжээ.

Гол бай нь Ираны газрын тосны худалдаа 🎯 

Трамп ямар шинэ хориг арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Ираны худалдааны түншүүдийг онилохоо мэдэгдсэн нь анхаарлыг 🇨🇳 БНХАУ-д төвлөрүүлж байна. Учир нь Ираны газрын тосны экспортын дийлэнх хэсгийг Хятад худалдан авдаг бөгөөд Вашингтон Ираны газрын тосны худалдааг улам хязгаарлавал АНУ–Хятадын худалдааны харилцаанд шинэ зөрчил үүсэх эрсдэлтэй байна.

⚔️ Үүний зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират улс нь сүүлийн жилүүдэд Ираны томоохон худалдааны түншүүдийн нэг байсан хэдий ч Ирантай эдийн засгийн харилцаагаа тасалснаа зарласан нь Техранд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэв.

Ормузын хоолой ба газрын тосны үнэ 🛢️ 📈 

АНУ-ын зорилго нь Ираныг дахин хэлэлцээний ширээнд суулгаж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах болон Ормузын хоолой дахь тээврийн саадыг арилгах нөхцөлд хүргэх явдал юм. Харин бүс нутгийн хурцадмал байдал үргэлжилснээр газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, WTI нэг баррель нь $85, Brent $93 орчимд арилжаалагдаж байгаа бөгөөд энэ нь зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 30 орчим хувийн өсөлт юм.

90 сая хүн амтай Иран эдийн засгийн хямралын ирмэгт 😬

Ираны хувьд АНУ-ын хориг болон дайны хохирлын нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрээд байгаа бөгөөд тус улсын инфляц 7-р сарын байдлаар 87.9%-д хүрч, үндэсний валютын ханш он гарснаас хойш 30% орчмоор сулраад байгаа бөгөөд мөргөлдөөн үргэлжилбэл 90 сая хүн амтай Иран улс түүхэндээ тохиосон хамгийн хүнд эдийн засгийн хямралуудын нэгтэй нүүр тулах эрсдэлтэй байна.

Шинжээчид мөрийцөж байна 🪙 

Сүүлийн саруудад уналттай байсан Bitcoin огцом сэргэж, нэг өдрийн дотор ойролцоогоор 8%-иар өсөж $69,500-д хүрлээ. Энэ нь 6 дугаар сарын эхнээс хойших хамгийн өндөр түвшин бөгөөд өсөлтийн үеэр ердөө нэг цагийн дотор 1 тэрбум ам.доллараас давсан зарах захиалга буюу short position албадан хаагдав.

Short squeeze өсөлтийг хурдасгав 🚀 

Bitcoin өмнөх хэдэн сарын турш буурч, $60,000-ын доод бүсэд ойртсоноор зах зээлд үнэ цааш буурна гэсэн байр суурь давамгайлж байв. Харин үнэ өсөж эхэлмэгц short арилжаачид алдагдлаа хязгаарлахын тулд Bitcoin буцаан худалдан авах шаардлагатай болсон нь өсөлтийг улам эрчимжүүлжээ. Ийнхүү short squeeze үүссэнээр Bitcoin богино хугацаанд 70,000 ам.долларын түвшинд ойртсон байна.

Өсөлт бусад криптовалютуудад ч тархаж, Etherium 18% хүртэл өссөн бол Bitcoin 100 болон 200 өдрийн хөдөлгөөнт дунджаас дээш гарсан нь техникийн хувьд эерэг дохио болов . Харин зах зээлийн дараагийн гол сорилт нь $70,000 орчмын түвшнийг тогтвортой давж, 75,000 ам.долларын бүсийг сорих эсэх юм.

Трампын уулзалт 🤝 болон Treasury-ийн бодлого 🏦 дэмжлэг үзүүлэв

Өсөлтийн өөр нэг шалтгаан нь Дональд Трамп 🤵🏼‍♂️Coinbase, Payward болон Blockchain.com зэрэг крипто компанийн удирдлагуудтай Цагаан ордонд уулзсан явдал байв. Энэ нь АНУ-ын засаг захиргаа дижитал хөрөнгийн салбарт илүү таатай зохицуулалтын орчин бүрдүүлэх хүлээлтийг нэмэгдүүлсэн байна.

Мөн АНУ-ын Сангийн яам ЗГ-ын бондын буцаан худалдан авалтаа нэмэгдүүлснээр бондын өгөөж, ам.долларын ханш буурч, Bitcoin зэрэг эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг дэмжив.

👪️ Крипто салбарын хувьцаанууд ч өсөлтөд нэгдэж, Coinbase 9.55%, Strategy 12.68%, Circle 9.56%-иар тус тус өсжээ.

Одоогийн өсөлт түр зуурын short squeeze эсвэл бодит худалдан авалтын шинэ эрэлт болж үргэлжлэх эсэх нь Bitcoin-ийн цаашдын чиглэлийг тодорхойлно.

Moderna(NAS:MRNA) +176.97% 🚀 : Хорт хавдрын вакцины амжилт

Moderna(NAS:MRNA) болон Merck(NYSE:MRK) компаниудын хамтран 🤝 хөгжүүлж буй арьсны хорт хавдрын (melanoma) эсрэг мРНХ (mRNA) технологид суурилсан вакцин 💉 (intismeran) эмнэлэг зүйн III шатны туршилтаар өндөр үр дүн үзүүллээ. Энэхүү вакцин нь мэс заслын дараа хорт хавдар дахин сэдрэх болон бусад эрхтэнд үсэрхийлэх эрсдэлийг үлэмж хэмжээгээр бууруулсан байна ✅ .

Энэ төрлийн вакцин нь эрүүл хүнд биш, нэгэнт хорт хавдартай гэж оношлогдсон өвчтөнд зориулагддаг. Гол зорилго нь мэс заслын дараа биед үлдсэн хавдрын эсийг устгах, дахин сэдрэхээс сэргийлэх явдал юм.

⚙️ Өвчтөний хавдрын эдээс биописийн аргаар дээж авч, генийн дарааллыг нь уншуулдаг. Тухайн хүний хавдарт л байдаг өвөрмөц уургуудыг (неоантиген) олж тогтоосны дараа, зөвхөн тэр уургуудын эсрэг дархлааны Т-эсийг сургах зориулалттай мРНХ вакциныг лабораторид тусгайлан бүтээдэг.

Арьсны хорт хавдрын (melanoma) III/IV шатны хагалгааны дараа Moderna-ийн вакциныг Merck-ийн Keytruda хэмээх иммунотерапийн тариатай хамт хэрэглэхэд хавдар дахин сэдрэх болон өөр эрхтэнд үсэрхийлэх эрсдэлийг бууруулж чадсан нь III шатны туршилтаар албан ёсоор батлагдлаа 🙌 

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл 💰