• Apex Capital
  • Posts
  • 📈 Инфляц IV сард огцом өслөө...

📈 Инфляц IV сард огцом өслөө...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 17

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

📈  Инфляц IV сард огцом өсөж, хоёр жил хагасын дараа эргэн хоёр оронтой тоонд хүрэв…

📝  Экспорт өмнөх оны мөн үеэс 60.6 хувиар өслөө…

🚀 ХасБанк: 2026 оны I улиралд 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа…

👉 Фронтиер лэнд групп ХК 10 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй хувьцааг нэмж гаргана…

📈 Инфляц IV сард огцом өсөж, хоёр жил хагасын дараа эргэн хоёр оронтой тоонд хүрэв

💡 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

  • Харин сарын дүнгээр инфляц 2.8 хувиар эрчимжсэнээр жилийн өсөлт эргэн хоёр оронтой тоонд орлоо.

📈 Инфляц ийнхүү эрчимжсэн нь өрхийн хэрэглээ, бизнесийн зардал, мөнгөний бодлогод дарамт үүсгэх гол хүчин зүйл болж эхэллээ. 2026 он гарсаар хүнсний бүлгийн үнийн өсөлт эрс эрчимжиж, дөрөвдүгээр сарын байдлаар 19.3 хувийн өсөлттэй гарсан бол хүнсний бус бүлгийн үнийн өсөлт 6.4 хувьтай буюу өмнөх сараас үл ялиг нэмэгдсэн байна.

  • Мөн барааны бүлгийн үнийн өсөлт 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар өссөнөөс харахад эдгээр үзүүлэлт тус бүр өмнөх сараас эрс эрчимжсэнийг гарсныг Үндэсний статистикийн хорооны дата мэдээлэл харуулж байна. Зөвхөн мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар өслөө.

🤔Олон улсын байгууллагууд Монголын инфляцын дарамт 2026 оны турш өндөр хэвээр үргэлжилж болзошгүйг анхааруулж байна. Дэлхийн Банкны төсөөллөөр төсвийн тэлэх бодлого, импортын өндөр хамаарал, гадаад орчны тодорхойгүй байдал нь үнийн өсөлтийг дахин өдөөх эрсдэлтэй гэж үзжээ.

  • Шинжээчдийн хувьд инфляц хоёр оронтой түвшинд хүрсэн нь Монголбанк бодлогын хүүгээ бууруулах боломжийг хязгаарлаж, цаашид мөнгөний хатуу бодлого үргэлжлэх нөхцөл бүрдүүлж болзошгүй гэж дүгнэж байна. BMI судалгааны байгууллага ч инфляц зорилтот түвшинд ойрын хугацаанд буурахгүй гэж таамагласан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг.
Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.

📝 Экспорт өмнөх оны мөн үеэс 60.6 хувиар өслөө

🌏 Монгол Улсын гадаад худалдаа: 2026 оны эхний 4 сар

2026 оны эхний 4 сарын байдлаар Монгол Улс нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрлээ.

  • Үүнээс экспорт 6.8 тэрбум ам.доллар, импорт 3.7 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, ялангуяа зэсийн баяжмал болон нүүрсний экспортын өсөлттэй шууд холбоотой байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 34.4%, экспорт 60.6%, импорт 3.1%-иар тус тус өсжээ. Харин худалдааны ашиг 4.6 дахин нэмэгдсэн нь экспортын орлого импортын өсөлтөөс илүү хурдацтай нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

📌 Экспортын өсөлтөд голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүд:

  • Зэсийн хүдэр, баяжмал: +1.7 тэрбум ам.доллар

  • Нүүрс: +730.4 сая ам.доллар

  • Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт: +101.8 сая ам.доллар

  • Хар тугалганы хүдэр, баяжмал: +26.0 сая ам.доллар

Харин тунгаасан зэс ба хайлш, жоншны хүдэр ба баяжмал, боловсруулаагүй газрын тос, адууны махны экспорт өмнөх оны мөн үеэс буурчээ.

Импортын хувьд өсөлт харьцангуй бага байсан бөгөөд голчлон шатахуун, түлш болон үйлдвэрлэл, тээврийн хэрэглээтэй холбоотой бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн байна.

Тухайлбал дизелийн түлш 89.0 сая ам.доллар, автобензин 78.3 сая ам.доллар, шинэ дугуй 24.4 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 23.2 сая ам.доллароор тус тус өсжээ.

Нөгөө талаас суудлын автомашин, ачааны автомашин болон ухаалаг гар утасны импорт буурсан нь хэрэглээний зарим төрлийн импорт саарсныг харуулж байна.

💸 ХасБанк: 2026 оны I улиралд 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

🏦 Ашигт ажиллагаа

Хас банк 2025 онд нийт 172.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Харин 2026 оны эхний улиралд 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

  • Банкны зээлийн багцын өсөлтийг даган хүүгийн орлого өссөн боловч төв банкны cвоп хэлцлийн хүүгийн зардал нэмэгдсэн, мөн заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.

🏦 Баланс

🤝 Нийт зээлийн багц 4,184 тэрбум төгрөгт хүрч, оны эхнээс 13.1 хувиар өссөн байна. 
Иргэдийн банкны зээлийн багц оны эхнээс 4.8 хувиар өсөж 2,710 тэрбум төгрөгт хүрэхэд хэрэглээний болон бичил, ЖДБ зээлийн өсөлт нөлөөлжээ. 

2026 оны I улиралд: Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,374 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 4.6 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд Иргэдийн банкны зээл 109 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хувиар, Бичил, жижиг дунд бизнесийн зээл 28 тэрбум төгрөгөөр буюу 12.6 хувиар, Санхүүгийн түрээсийн багц 64 тэрбум төгрөгөөр буюу 9.7 хувиар тус тус өссөн нь нийт багцын өсөлтөд голчлон нөлөөллөө.

Дотоодын хувьцаат компанийн талаарх мэдээлэл болон нийтлэл судалгааг ЭНД дарж үзнэ үү.

🚀Фронтиер лэнд групп ХК 10 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй хувьцааг нэмж гаргана…

⚡Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмж хувьцаа гаргах шийдвэрийг хувьцаа эзэмшигчид нь гаргасан бөгөөд цаашид уг төслийг бодит ажил хэрэг болгохыг ТУЗ-дөө үүрэг болгожээ.

  • Одоогоор хэдий хэмжээний хувьцаа гаргах, нэгж үнэ хэд байхыг албажуулан тогтоогоогүй байгааг хэлэх хэрэгтэй.

⭐Компанийн санхүүгийн нөхцөл байдлыг харвал, 2025 оны жилийн эцсийн байдлаар 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөс 8.18 тэрбум нь эздийн өмч буюу харьцангуй өр төлбөр багатай байна. Харин тайлант онд 68.1 сая төгрөгийн орлого олж, 25.2 сая төгрөгийн ашигтай ажиллав.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт