• Apex Capital
  • Posts
  • 🏥 HIMS: Эрүүл мэндийн шинэчлэл

🏥 HIMS: Эрүүл мэндийн шинэчлэл

Гадаад зах зээлийн судалгаа #13

 

 Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын Hims & Hers Health Inc.-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

🏥 Hims & Hers Health Inc нь иргэдэд сүүлийн үед тулгараад байгаа таргалалт, стресс зэрэг асуудлыг технологийн хөгжил дэвшилтэй уялдуулан шийдэхийг зорьж байгаа бөгөөд эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ авахын тулд заавал эмнэлэгт очиж эмчтэй уулзах шаардлагагүй бөгөөд танд зөвхөн ухаалаг утас байхад л хангалттай.

HIMS компанийн хувьцаа 2025 он гарснаас хойш оргил үедээ 📈 202% өссөн бол өнөөдрийн байдлаар +16.9% өсөлт үзүүлсэн байна. Эрүүл амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь энэхүү компанийн үнэ цэнийг ирээдүйд улам бүр нэмэгдүүлэх боломжтой юм.

📖 HIMS компанийн үйл ажиллагааны тайлан

HIMS компанийн нийт гишүүнчлэлийн тоо 2021 оноос 2024 он хүртэл 340% өссөн бол сүүлийн 4 жилийн хугацаанд жилд дунджаар 📈 65% өссөн байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт гишүүнчлэлийн тоо 2.2 саяд хүрчээ.


2023 оноос хойших гишүүнчлэлийн төлбөр 33% нэмэгдсэн ч нийт борлуулалтын орлого улирал тутам өсөлттэй хэвээр байна. Гишүүнчлэлийн төлбөрийг цаашид тогтвортой байлгах тал дээр анхаарал хандуулж байгаа ч инфляц болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулж үнэ тогтооно гэдгээ компанийн зүгээс мэдэгдсэн.


🤖 Дижитал эрүүл мэндийн үйлчилгээний төрөлжилт нэмэгдэх нь

GLP-1`s бүтээгдэхүүн нь гэдэснээс ялгардаг инсулин ялгаруулалтыг дэмждэг даавар болох GLP-1-ийн үйлчлэлийг дуурайж, II төрлийн  чихрийн шижин болон 🏃‍♂️ жин хасах эмчилгээнд өргөн хэрэглэгддэг эмүүд юм.

📑 Үйл ажиллагааны төрөлжилт нэмэгдэх тусам компанийн орлогод эерэг нөлөөлөлтэй байна. Компанийн хамгийн их орлогыг жин хасах үйлчилгээ бүрдүүлж байгаа бөгөөд бусад төрлийн үйлчилгээнээс нэмэгдэх орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

🇺🇲 АНУ-ын нийт хүн амын 1/3-д үйчилгээ үзүүлэх боломжтой

2024 оны байдлаар АНУ-ын нийт хүн ам ойролцоогоор 334 сая гэсэн тооцоо бий. Энэ тоо АНУ-ын Хүн амын тооллогын товчоо (U.S. Census Bureau)-ны мэдээлэлд үндэслэсэн бөгөөд улсын хүн амын тоо жил бүр өссөөр байна.

🇺🇲 хүн амын 90% орчим хувь эрүүл мэндийн боловсролдоо ямар нэг байдлаар анхаарал хандуулдаг, эрүүл мэндийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийхээс татгалздаггүй гэсэн судалгаа гарсан бөгөөд HIMS компанийн хувьд 100 сая хэрэглэгчтэй болохоор зорьж байна.

📔 HIMS компанийн санхүүгийн тайлан

2024 оны бүтэн жилийн санхүүгийн гол үзүүлэлтүүд:

  • Орлого (Revenue):
2024 оны борлуулалтын орлого $1,476.5 саяд хүрсэн нь 2023 оны $872.0 саяас 69% өсөлт үзүүлжээ.

  • Нийт ашгийн маржин (Gross Margin):
2023 онд 82% байсан бол 2024 онд бага зэрэг буурч 79%-д хүрчээ.

  • Цэвэр ашиг (Net Income):
2023 онд $23.5 саяын алдагдалтай ажиллаж байсан бол 2024 онд $126.0 саяын ашигтай ажиллаж эхэлжээ. Цэвэр ашиг өссөн шалтгаан нь АНУ-ын татварын хөнгөлөлттэй холбоотой $68.0 саяын үнэлгээний өөрчлөлт нөлөөлсөнтэй холбоотой байна.

  • Хүү татварын өмнөх ашиг (Adjusted EBITDA):
2024 онд $176.9 сая, 2023 онд $49.5 сая байсан бөгөөд энэ нь бизнесийн үндсэн үйл ажиллагаа эрс сайжирсныг харуулж байна.

  • Үйл ажиллагаанаас үүссэн мөнгөн урсгал (Net Cash Provided by Operating Activities):
$73.5 саяас 3.4 дахин өсөж $251.1 саяд хүрсэн байна.
    Чөлөөт мөнгөн урсгал (Free Cash Flow):
$47.0 саяас 4.2 дахин өсөж $198.3 саяд хүрсэн байна.

Харьцаа үзүүлэлт

P/E, Үнэ ашгийн харьцаа 2024 оны сүүлийн улирлын байдлаар 50.87 гарсан нь өрсөлдөгч компаниудтай харьцуулахад өндрөөр үнэлэгдэж байгааг харуулж байна.

Peers: зах зээл дээр ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын нэрлэдэг

Төлбөрийн чадварын харьцаа 2024 оны 1-р улирлаас 4-р улирал хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа нь шинээр гаргаж буй бүтээгдээхүүн үйлчилгээгээ санхүүжүүлэх богино хугацаат өр төлбөр нэмэгдсэн холбоотой. Гэсэн ч энэхүү харьцаа үзүүлэлтийг 1.5-с дээш байвал хэвийн гэж үздэг билээ.

Цаг үеийн мэдээ

  • Зах зээл дээр маргаантай үнэлгээтэй байгаа Hims & Hers Health (HIMS) компани саяхан нэгэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. Тэд Эли Лилли (Eli Lilly)-ийн FDA-аар батлагдсан, жин хасах хамгийн үр дүнтэй эм болох Zepbound-ийг санал болгож эхлэхээ зарласан байна. Судалгаагаар Zepbound-ийг хэрэглэсэн хүмүүс дунджаар биеийн жингийн 21%-ийг хассан нь Wegovy-оос илүү үзүүлэлт юм. Мөн Hims компани liraglutide хэмээх өөр нэг жин хасах эмийг санал болгож байна. Энэхүү мэдэгдлийн дараа HIMS хувьцааны үнэ 5%-иар өссөн.


  • Бусад мэдээллийг та манай цахим хуудаснаас аваарай

🔎 Техник шинжилгээ

  • 2024 оны 3-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтээс маш сайн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд 2024 оны 9-р сараас 2025 оны 2-р сарын 25 хүртэл тасралтгүй 280% өсөж $73 хүрсэн бол түүнээс хойш тасралтгүй унасаар өнөөдрийн байдлаар $29.46 болж оргил үеэсээ -59% уналттай арилжаалагдаж байна. 


  • Ханшийн чартыг харвал $24-$25 хоорондох өмнөх эсэргүүцлийн бүс нь одоогоор дэмжлэгийн бүс болсон бөгөөд энэхүү бүсээс дэмжлэг аван сүүлийн 2 7 хоногийн арилжаагаар 23.96% өсөлт үзүүлсэн байна. Энэхүү өсөлт цааш үргэлжилбэл $39 ам доллар хүрэх боломжтой. Ирэх 2 жилийн хугацаанд $48 болон түүнээс дээш ч гарах боломжтой байна. Хөрөнгө оруулагч та одоогийн байгаа түвшингээс багахан худалдан авалт хийж эхлэн чарт дээр харагдаж буй үнээс худалдан авалтаа нэмэгдүүлэх нь нэн тохиромжтой байна. 


Дүгнэлт

👆️ Hims & Hers компани нь үндсэн бизнесийн бат бөх байдал, орлогын чадамж, санхүүгийн тогтвортой байдал болон дэлхийн зах зээлд тэлэх боломжуудын хувьд маш таатай байр сууринд байна. Тус компанийн өсөлтийн ирээдүй нь өнөө үед хөрөнгө оруулахад тохиромжтой сонголт болохоор байна.

🧑‍⚖️ Шинэ хөрөнгө оруулалтын сонголт хайж буй хүмүүст зориулж хэлэхэд, компанийн үнэлгээ нь салбарын дундажаас харьцангуй бага байгаа нь ирээдүйд илүү өсөх боломж байгааг илтгэнэ. Зах зээлийн нийт гүйцэтгэлтэй илүү нийцтэй болж чадвал хувьцааны үнэ цаашид өсөх боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй суларч өгөөж нь эрс өсөөд байсан. Тэгвэл хөрөнгө оруулагчид энэхүү хөдөлгөөнийг алдалгүй ашиглаж дээрх бондуудыг худалдан авах нь нэмэгдсэнээр ханш нь эргэн сэргэж эхлээд байна. 

Тодруулбал, засгийн газрын бондуудын 5 өдрийн дундаж ханш 0.48%-6.70%-р өссөн байгаа бол компанийн бондуудын ханш 0.09%-4.29%-р өссөн байдалтай байна.

Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 6.70% өссөн бол компанийн бондууд дундаас 2027 онд дуусах Голомт Банкны бонд хамгийн өндөр буюу 4.29% өсөж өгөөж нь 14.55%-с 12.67% болж бага зэрэг буурсан байна.

Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 6.308%-8.50% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 5.90%-13.30% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор ХХБ-ны TDBM 29 бонд 13.30%-н өгөөжтэй тэргүүлж байна.

⛏️ Mongolian Mining Corporation буюу MMC 4 сарын 3-нд шинээр 8.44%-ийн купонтой 2030 онд дуусах бонд гаргаж 2026 онд дуусах байсан 12.50%-ийн купонтой бондоо бүртгэлээс хасуулсан. Тэгвэл тус бонд нь гарснаасаа хойш ханш нь бусад засгийн болон компанийн бондуудтай ижил унаснаар өгөөж нь 📈 11.87% болж өсөөд байна.

Мөн Bloomberg-ийн шинжээчдийн хийсэн судалгаагаар МИК-ийн Хулан болон MMC-ийн шинэ бондуудын G-Spread буюу засгийн бондуудын өгөөжтэй харьцуулсан өгөөжийн зөрүү нь засгийн бондуудаас 500 суурь нэгж буюу 5%-р зөрүүтэй байгааг харж болохоор байна.

Үүнээс гадна тус компанийн trailing net leverage буюу Өнгөрсөн хугацааны цэвэр хөшүүргийн харьцаа нь 1х-ээс бага байна. Тус харьцааг бодохдоо компанийн цэвэр өрийг (нийт өрөөс мөнгөн хөрөнгийг хассан дүн) сүүлийн 12 сарын ашиг орлого (EBITDA)-той харьцуулсан үзүүлэлт юм.

Энэ нь тус компани цэвэр өрөө 1 жилээс бага хугацаанд ашиг орлогоороо төлөх боломжтой гэдгийг илтгэж байгаа бөгөөд B зээлжих зэрэглэл бүхий Азийн бусад компаниудаасаа доогуур байгаа ба өөрөөсөө өндөр зэрэглэл бүхий Индонезийн нүүрсний уурхайгаас ч илүү төлбөрийн чадвартай байгааг илтгэж байна.