• Apex Capital
  • Posts
  • 📊 GOOGL: Alphabet Inc компанийн судалгаа

📊 GOOGL: Alphabet Inc компанийн судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #15

 

 Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын Alphabet Inc.-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Alphabet Inc нь Google-ийг эзэмшдэг бөгөөд хэрэглэгчдэд холбогдолтой, хямд онлайн зар сурталчилгаа, үүлэн технологид суурилсан дэд бүтэц, платформ сервисүүд болон аппуудыг бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг. Мөн гишүүнчлэлийн эрхтэй бүтээгдэхүүнүүд болон төхөөрөмжүүдээс голлох орлогоо тус тус бүрдүүлж байна.

2025 он гарснаас хойш Alphabet inc -ийн хувьцааны ханш 16.17%-н уналт үзүүлж өнөөдрийн байдлаар $160.16 болсон байна.


52 долоо хоногийн доод ханш $140.53, дээд ханш $207.5 байсан ба 4 сарын 30-ны өдрийн ханш $160.16 байгаа нь Alphabet хувьцаа хөрөнгө оруулагчдын хувьд тааламжит үнийн дүнд арилжаалагдаж байгаа гэж үзэж болно.

📝 Alphabet Inc компанийн үйл ажиллагааны тайлан

Alphabet Inc компани нь Google-ийн үйл ажиллагааны хүрээнд google service болон google cloud гэсэн үндсэн 2 орлогын ангилалтай байна. Google Cloud-ийн хувьд сүүлийн 4 жилийн дунджаар нийт орлогын 11%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд жил бүр тогтмол өсөлттэй байна.

Google сервис ангилалд Google Search, YouTube сурталчилгаа, Google Network болон тэдгээрийн гишүүнчлэлийн эрхүүд, Google платформ, төхөөрөмжүүдийн орлого хамаарна. Эдгээрээс хамгийн их орлогыг бүрдүүлж байгаа нь google search бөгөөд сүүлийн 4 жилийн дунджаар нийт орлогын 57%-ийг бүрдүүлж байна. 2025 оны I улирлын тайлангаар Google search-ийн орлого өмнөх улирлаас 8% өссөн үзүүлэлттэй байна.

📔 Alphabet Inc компанийн 2025 оны I улирлийн санхүүгийн үзүүлэлтүүд

📈 2025 оны I улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Alphabet Inc компани 2025 оны 4 сарын 24-нд I улирлын тайлангаа танилцуулснаар санхүүгийн үр дүн нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлтүүдтэй байлаа. 

  • 2025 оны I улирлын нийт орлого өмнөх улирлаас 12%-иар өсөж $90.23 тэрбум хүрсэн нь шинжээчдийн $89.12 гэсэн урьдчилсан таамгаас дээгүүр үзүүлэлт байлаа. 

  • Орлогын бүтцээс хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн нь Alphabet Inc нь өнгөрсөн улирал generative AI болох Gemini 2.5 хувилбараа танилцуулсан бөгөөд энэ нь хэрэглэгчдийн google search-ийг ашиглах сонирхлыг нэмэгдүүлж байгаа юм. Ийнхүү Google Search хэрэглэгчдийн тоо дунджаар сард 1.5 тэрбумд хүрээд байна.

  • Мөн Youtube болон Google One-ны төлбөртэй гишүүнчлэлийн эрхийн тоо 270 саяд хүрсэн.

  • I улирлын байдлаар Аlphabet Inc нь $15.1 тэрбум үнийн дүнтэй дүйцэх өөрийн хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдаж авсан байна.

  • Нэгж хувьцаанд ногдох ашгийг 5%-иар буюу $0.20-оор өсгөж, нийт ашгаасаа $2.4 тэрбумын ногдол ашигт хуваарилахаар болсон байна. 

📌 Харьцаа үзүүлэлт

  • Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд I улирлын байдлаар $2.81-т хүрч, өмнөх улирлаас 49%-иар өсөв. Энэ нь шинжээчдийн $2.02 гэсэн хүлээлтээс өндөр байсан бөгөөд одоогоор шинжээчид 2025 оны бүтэн жилийн нэгж хувьцаанд ногдох ашгийн хүлээлт нь $9.55 байна.

  • Alphabet Inc-ийн Үнэ-Ашгийн харьцаа буюу P/E ratio нь одоогийн байдлаар 16.8 болж буурсан нь сүүлийн 10 жилийн дундаж 28-тай харьцуулахад бага байгаа юм.

  • “Гайхамшигт-7”-ийн Үнэ-Ашигийн харьцааны медиан дундаж 26.8-тай харьцуулбал хамгийн бага байгаа бөгөөд “Гайхамшигт-7”-д багтах зарим компаниудтай харьцуулахад ойролцоогоор 2 дахин бага байна. Энэ нь Alphabet Inc компанийн хувьцааны ханш нь доогуур үнэлэгдэж байгааг илтгэж байна.

  • Өөрийн хөрөнгийн өгөөж нь сүүлийн 3 жилд өсөж 2024 оны байдлаар 31% хүрчээ.

    📢 Сүүлийн үеийн мэдээ

  • Google нь 2025 оны дунд гэхэд Apple-тай Gemini хиймэл оюун ухааны чатбот-ыг шинэ iPhone-д ашиглах боломжтой болгох шинэ гэрээ байгуулахыг зорьж байгаа тухай мөн дурдсан. Энэ талаар тэрбээр Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй хэд хэдэн удаа ярилцсан гэжээ.

  • АНУ-ын хамгийн том PJM Interconnection сүлжээтэй түншлэн, AI ашиглан шинэ эрчим хүчний шугам, хангамжийг илүү хурдан холбох зорилгоор хамтарсан ажил эхлүүлснээ зарласан. Мөн тус компани анх удаа жижиг модуль реакторууд болон дэвшилтэт геотермал эрчим хүчээс цахилгаан худалдан авах компанийн гэрээнүүд байгуулжээ.

🔍 Техник шинжилгээ

  • 2020 оны 3-р сараас 2025 оны 2-р сарын 10 хүртэл нийт 300% өсөж хувьцааны ханш $206 хүрсэн бол түүнээс хойш уналт үзүүлэн өнөөдрийн байдлаар $158.80 болж оргил үеэсээ -23% уналттай арилжаалагдаж байна.

  • Ханшийн чартыг харвал 2020 оноос 2025 оны хоорондох арилжаалагдсан дундаж ханш буюу $139 ханшаас дэмжлэг аван өсөлт үзүүлж байна. АНУ-н засгийн газраас хэрэгжүүлж буй бусад улс орнуудын эсрэг тарифын арга хэмжээ авсан нь ганцхан Google компанийн хувьцаанд биш зах зээлд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Харин тарифыг харилцан буулгах боломжтой гэж мэдэгдсэнээс хойш зах зээл ч Google компанийн хувьцаа ч бага зэргийн өсөлттэй арилжаалагдаж байна.

  • Ханшийн хувьд худалдан авах боломжтой 1-р бүс нь томоохон дэмжлэгийн бүс болох $140-$150 юм. Харин 2 болон 3-р бүс хэрэв ханш уналт үзүүлэн орж ирэх юм бол ханшаа дундажлан дараах бүсүүдээс худалдан авалт хийвэл тохиромжтой юм. Эдийн засгийн ойлгомжгүй байдал намжиж зах зээл эргэн өсөлт үзүүлж эхэлбэл ханш $210, $240 болон $300 урт хугацаандаа хүрэх боломжтой юм. Энэхүү хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулахад маш тохиромжтой компани бөгөөд та хамгийн багадаа 3-с дээш жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Дүгнэлт

👆️ Alphabet Inc компанийн хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд нь жил бүр тогтвортой өссөөр байгаа бөгөөд зах зээлд томоохон байр сууриа хадгалсаар байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт ихээр хийж, өөрсдийн технологи үйлчилгээнүүдийг илүү сайжруулж компанийнхаа цар хүрээг тэлсээр байгаа билээ.

🧑‍⚖️ Одоогоор хувьцааны ханш нь тарифаас улбаатай оргил үеэсээ 23% орчмоор унаад байгаа бөгөөд ихэнх шинжээчид уг хувьцааг hold хийхийг санал болгож байна. Харин шинээр худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагчид макро эдийн засгийн тодорхойгүй байдал намжихыг ажиглан, хувьцааны ханш худалдан авахад тохиромжтой бүс рүү орохыг хүлээх нь зүйтэй гэж үзэж байна.

Хөрөнгө оруулагч та Alphabet Inc компанийн дэлгэрэнгүй судалгааг үзэхийг хүсвэл энд дараарай.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна. Засгийн газрын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.07%-1.85%-р буурсан байгаа бол компанийн бондуудаас МИК болон Хөгжлийн банкны бондуудын ханш 0.08%, 0.11%-р буурсан бол ХХБ, Голомт, MMC бондуудын ханш эсрэгээрээ 0.41%-3.70%-р өссөн байдалтай байна. Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 1.85-р буурсан бол компанийн бондууд дундаас 2030 онд дуусах MMC бонд хамгийн өндөр буюу 3.70% өсөж өгөөж нь 10.695% болж буурсан байна.

Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 6.05%-7.87% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 8.69%-13.02% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор ХХБ-ны TDBM 29 бонд 13.02%-н өгөөжтэй тэргүүлж байна.

Дээрх графикаас Монгол улс Хятадын хамгийн том коксжих нүүрс нийлүүлэгч улс болохыг харж болно. Мөн Хятад улс нэг улсаас хамаарах хамаарлаа багасгаж төрөлжүүлж байгааг харж болохоор байна. Мөн коксжих нүүрсний үнэ хэрхэн унасан байгааг коксжих нүүрсний ханшийн графикаас харна уу.

MMC компанийн хувьд 2025 онд нүүрсний экспортын хэмжээгээ 20% өсгөж 100 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ба Хятадын гангийн үйлдвэрлэл энэ жилээс Хятадын засгийн газрын бодлогоор өсөж эхлэх хүлээлттэй байгаа юм байна. Хэрэв дээрх үйл явдал хэрэгжээд эхэлбэл MMC компанид эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.