- Apex Capital
- Posts
- 🤖AI-ийн өндөр хөрөнгө оруулалтын дараа зах зээл ашигт ажиллагааг нэхэж эхлэв үү?🤔
🤖AI-ийн өндөр хөрөнгө оруулалтын дараа зах зээл ашигт ажиллагааг нэхэж эхлэв үү?🤔
Гадаад зах зээлийн судалгаа #72

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тоймыг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.
📊 Market Update
🇺🇸🇮🇷 АНУ–Иран: АНУ Ираны цэргийн байгууламжуудад 12 дахь шөнөө дараалан агаарын цохилт өгч, Ормузын хоолой дахь олон улсын усан тээврийн аюулгүй байдлыг сэргээх зорилготой гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Иран Ормузын хоолойгоор зорчиж буй хөлөг онгоц руу дахин халдвал АНУ Ираны гүүр 🌉 эсвэл цахилгаан станцыг ⚡ устгана гэж анхааруулав.
Хариуд нь Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн бөгөөд Иран АНУ-ын цохилтын хариуд бүс нутгийн эрчим хүч ⚡ болон ус цэвэршүүлэх байгууламжуудыг онилсон халдлагуудаа үргэлжлүүлж байна. Мөн Ираны баруун хэсэгт АНУ-ын пуужингийн цохилтын улмаас хүний амь эрсэдсэн талаар төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
🤝 Дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч бодит ахиц харагдахгүй байна. Иран Ормузын хоолойн хяналтыг дайны өмнөх байдалд буцаахгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа бол АНУ олон улсын усан замыг чөлөөтэй байлгахын тулд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
📈 Мөргөлдөөний улмаас дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт нэмэгдэж, Brent газрын тосны үнэ баррель нь 93 ам.доллароос давлаа. Мөн Ираныг дэмжигч Хути бүлэглэл Улаан тэнгист Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг онилсон нь 🚢 дэлхийн худалдааны чухал тээврийн замуудын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
S&P 500: Сүүлийн 7 хоногийн хамгийн өсөлттэй 🟢 бол уналттай 🔴 хувьцаанууд.

🤖 AI-ийн хөрөнгө оруулалт АНУ-ын батлан хамгаалахын төсвөөс давлаа

💰 Magnificent 7 буюу гайхамшигт 7 компанийн 2026 онд хиймэл оюун ухаанд (AI) хийх хөрөнгө оруулалт 1.1 их наяд ам.долларт хүрэхээр хүлээгдэж байна. Энэ нь АНУ-ын ДНБ-ий 3.2%-тай тэнцэж, 🇺🇸 үндэсний батлан хамгаалах салбарын төсвөөс анх удаа давах төлөвтэй байна. Ийнхүү түүхэн хэмжээний хөрөнгө оруулалт бодит ашиг болж хувирах эсэх нь зах зээлийн хамгийн том асуулт хэвээр байна.
📊 Зах зээл AI-ийн асар их хөрөнгө оруулалтыг зөвхөн орлогын өсөлтөөр бус, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал 💵 болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр үнэлж эхэлжээ. Үүнийг Alphabet болон Tesla-ийн санхүүгийн тайлангийн дараах хувьцааны ханшийн хөдөлгөөн тодорхой харуулсан бөгөөд хөрөнгө оруулагчид өндөр зардлаас илүү бодит өгөөжид анхаарах болсон байна.
📈 Цаашид AI-ийн хөрөнгө оруулалтын өгөөж нь технологийн компаниудын зах зээлийн үнэлгээг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл болох төлөвтэй. Хэрэв компаниуд энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалтаа орлого, ашиг, бүтээмжийн өсөлт 🚀 болгон хувиргаж чадвал өндөр үнэлгээгээ хадгалах боломжтой. Харин хүлээлтэд хүрэхгүй бол AI-ийн хөрөнгө оруулалтын үр ашиг нь хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарал хандуулах сэдэв хэвээр үлдэх болно.
Alphabet-ийн 🤖 AI-ийн хөрөнгө оруулалт $200 тэрбумд 🤑 хүрэх төлөвтэй байна

📅 7-р сарын 22-нд Google-ийн толгой компани Alphabet 2026 оны II улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Компанийн орлого, ашиг зах зээлийн төсөөллөөс давсан ч AI-ийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа дахин нэмэгдүүлэхээр болсноо зарласны дараа хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж, хувьцааны ханш after-market арилжаагаар 2.56%-иар буурлаа.
📊 Тайлангийн онцлох үзүүлэлтүүд
💰 Нийт орлого: 103.6 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн таамагласан 101.07 тэрбум ам.доллараас давлаа.
☁️ Google Cloud-ийн орлого: 24.77 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 82%-иар өсөв. AI дэд бүтцийн эрэлт хүчтэй хэвээр байгааг харуулсан бөгөөд гүйцэтгэх захиалгын үлдэгдэл (backlog) 460 тэрбум ам.доллараас 514 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрчээ.
🔎 Search Advertising-ийн орлого: 63.27 тэрбум ам.доллар болж, хүлээлтээс бага гарсан ч компанийн хамгийн том орлогын эх үүсвэр хэвээр байна.
▶️ YouTube-ийн орлого: 11.1 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн төсөөллийг давлаа. Connected TV-ийн хэрэглээ нэмэгдсэн нь өсөлтийг дэмжжээ.
🧪 Waymo, Verily зэрэг Other Bets: Нийт 382 сая ам.долларын орлого олсон нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй.
✨ Gemini AI: Сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 950 саяд хүрч, Alphabet-ийн AI бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ хурдацтай өссөөр байгааг харууллаа.

🏗️Хөрөнгө оруулалтын зардал (CapEx): Alphabet 2026 оны хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөг 195–205 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлж, AI дата төвүүд болон тооцооллын дэд бүтцээ өргөжүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь өмнөх төлөвлөгөө болон зах зээлийн хүлээлтээс өндөр үзүүлэлт болж байна.
📈Хөрөнгө оруулалтын өгөөж: Alphabet-ийн Anthropic болон SpaceX зэрэг компаниудад хийсэн хөрөнгө оруулалтын үнэлгээ өссөнөөр тус компани энэ улиралд ойролцоогоор 100 тэрбум ам.долларын үнэлгээний ашиг бүртгэж, цэвэр ашгаа мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
📝Дүгнэлт: Alphabet-ийн үндсэн бизнесүүд тогтвортой өсөлтөө хадгалж, ялангуяа Google Cloud-ийн AI үйлчилгээний эрэлт хүчтэй хэвээр байна. Гэвч AI дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 2026 онд 200 тэрбум ам.доллар орчим зарцуулахаар төлөвлөсөн нь богино хугацаанд ашигт ажиллагаанд дарамт учруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг бий болгож, тайлангийн дараах арилжаагаар хувьцааны ханш буурахад голлон нөлөөллөө.
TSLA түүхэндээ анх удаа сүүлийн 4 улиралд $100 тэрбумын орлого олов. 💰️

📅Tesla 2026 оны II улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад холимог дохио өглөө. Компанийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 26%-иар өсөж 28.24 тэрбум ам.долларт хүрч, зах зээлийн хүлээлтээс давсан бөгөөд сүүлийн 12 сарын орлого нь анх удаа 100 тэрбум ам.долларыг давлаа. Гэвч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) хүлээлтээс доогуур гарсны дараа хувьцааны ханш after-market арилжаагаар 4%-иар буурчээ.
📉Орлогын өсөлтийг автомашины борлуулалт, эрчим хүчний бизнес болон үйлчилгээний сегментүүд дэмжсэн ч AI, судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн өргөтгөлд хийсэн өндөр хөрөнгө оруулалтын улмаас үйл ажиллагааны ашиг 57%-иар буурч, улиралд 1.09 тэрбум ам.долларын сөрөг чөлөөт мөнгөн урсгалбүртгэгдсэн байна.
⚡Гэсэн хэдий ч үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд эерэг хэвээр байлаа. Tesla улиралд 480 мянга гаруй автомашин нийлүүлж, эрчим хүч хадгалах системийн суурилуулалтаа 41%-иар өсгөсөн бол FSD (Full Self-Driving) үйлчилгээний захиалагчдын тоо 1.48 саяд хүрчээ. Мөн Supercharger сүлжээ болон Megapack бизнесээ үргэлжлүүлэн өргөжүүлсэн байна.
🤖Дүгнэлт: Tesla урт хугацааны өсөлтөө AI, автономит жолоодлого, робот техник дээр төвлөрүүлж байна. Тус компани Robotaxi, Cybercab, Optimus робот, AI дата төв болон өөрийн чипийн хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 2026 онд 25 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр түвшний хөрөнгө оруулалт болох төлөвтэй байна.
🖥️ AI-ийн өсөлт серверийн CPU-ийн эрэлтийг огцом нэмэгдүүлж байна

🤖 Хиймэл оюун ухааны (AI)-ийн хурдацтай хөгжил зөвхөн GPU чипүүдийн бус, серверийн CPU процессорын эрэлтийг ч эрчимтэй өсгөж байна. Үүний улмаас Intel болон AMD компаниуд Хятадын томоохон дата төвийн хэрэглэгчидтэй 1-2 жилийн хугацаатай нийлүүлэлтийн гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаа нь AI-ийн эрэлт серверийн дэд бүтцийн бүх салбарт хүчтэй нөлөөлж эхэлснийг харуулж байна.
📈 AI дата төвүүдэд сервер, хадгалалт, сүлжээ болон AI загвар ажиллуулахад их хэмжээний CPU шаардлагатай байдаг. Үүний нөлөөгөөр Хятадад серверийн CPU-ийн үнэ сарын дотор 10%-иас дээш, оны эхнээс хойш зарим бүтээгдэхүүний хувьд 40%-иас илүү өсөөд байгаа нь үүлэн үйлчилгээ үзүүлэгчид болон AI дэд бүтцээ өргөжүүлж буй компаниудын зардлыг нэмэгдүүлж байна.
🏭 Intel болон AMD өмнө нь серверийн CPU-ийн нийлүүлэлт удааширч байгааг анхааруулж байсан бөгөөд Intel-ийн зарим Xeon процессорын нийлүүлэлтийн хугацаа 6 сар хүртэл сунгагджээ. Мөн AMD 2030 он гэхэд серверийн CPU-ийн зах зээлийн хэмжээ 120 тэрбум ам.доллароос давна гэж төсөөлж байгаа нь энэ зах зээлийн өсөлтийн боломжийг илтгэж байна.
📝 Дүгнэлт: Хятад улс дэлхийн хамгийн том серверийн зах зээлүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд AI дата төвүүдийн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсээр байна. AI-ийн хөгжлийн үр дүнд зөвхөн GPU бус, серверийн үндсэн дэд бүтэц болох CPU-ийн эрэлт, үнэ, нийлүүлэлтэд ч хүчтэй өөрчлөлт гарч эхэлжээ.
🎙️ Brand Lab Podcast - Episode 2
Чип яагаад өнөөгийн дэлхийн хамгийн чухал стратегийн салбар болсон бэ? Мөн TSMC хэрхэн дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болж чадсан тухай энэ дугаараас сонсоорой.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰



