- Apex Capital
- Posts
- Компаниудын улирлын тайлангууд гарлаа 📊
Компаниудын улирлын тайлангууд гарлаа 📊
Гадаад зах зээлийн судалгаа #24

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Компаниудын тайлангийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Дэлхийн шилдэг ХК-уудын 2025 оны 2-р улирлын тайлангууд гарч, хөрөнгийн зах зээлд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хөрөнгө оруулагчдын сайн мэдэх компаниудын тайлангийн хураангуйг энэ 7 хоногт бэлдлээ.

Alphabet компанийн 2025 оны II улирлын орлого нь $96.43 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 14%, цэвэр ашиг нь $28.2 тэрбум хүрч 19%-иар тус тус өссөн үзүүлэлттэй, шинжээчдийн таамаглалыг давлаа. Ийнхүү санхүүгийн тайлан гарснаар after market дээр хувьцааны ханш 1.8%-иар өслөө.
Alphabet компанийн орлого нь Google Services болон Google Cloud гэсэн хоёр үндсэн чиглэлээс бүрддэг. 2025 оны байдлаар Google Services-ийн орлого 82.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-иар өссөн бол Google Cloud-ийн орлого 13.6 тэрбум ам.долларт хүрч, 32%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Компанийн хувьд хиймэл оюун ухааны салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, 2025 онд нийт 85 тэрбум ам.долларыг AI-тэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ. AI технологид суурилсан шинэ үйлчилгээ, шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгож эхэлсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд ирээдүйд, ялангуяа компанийн зүгээс cloud технологийн зах зээлд AI дээр суурилсан өсөлтийн боломж нэмэгдэх хүлээлттэй байна.

Tesla Inc-ийн 2025 оны хоёрдугаар улирлын орлого 22.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх улирлаас 19%-иар өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-иар буурсан байна. Орлогын бууралтад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь цахилгаан автомашины борлуулалтын хэмжээ буурсан явдал байв.
Цэвэр ашиг нь 923 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 42%-иар буурсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн зардлын өсөлт болон хиймэл оюун ухаан, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардал нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 20%-иар өсөж, санхүүгийн уян хатан байдал нь хадгалагдаж байна.
Тайлан нийтлэгдсэний дараа Tesla-ийн гүйцэтгэх захирал Элон Маск мэдэгдэл хийж, АНУ-ын Конгрессоос 7-р сарын 4-нд баталсан “Big Beautiful Bill” нэртэй хуулийн төсөл нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд олгогддог төрийн дэмжлэг, хөнгөлөлтийг цуцлах заалтууд орсонтой холбоотой ирэх хэд хэдэн улирлуудад Tesla-ийн хувьд сорилттой үе үргэлжлэх төлөвтэй байгааг тэр бээр илэрхийллээ. Ийнхүү хувьцааны ханш premaket дээр 6% орчмоор уналттай арилжаалагдаж байна.

2025 оны эхний хагас жилд Кока-Кола компанийн цэвэр ашиг 28%-иар өсөж, $7.14 тэрбумд хүрсэн ч үйл ажиллагааны мөнгөн урсгал –$1.39 тэрбум, хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал –$278 саяын алдагдалтай гарлаа. Ашигтай ажилласан ч бодит мөнгөн орлого сөрөг гарах болсон гол шалтгаан нь авлага, бараа материал, өглөг зэрэг ажлын капиталын өөрчлөлтөөс –$9.23 тэрбумын алдагдал үүссэнтэй холбоотой байна. Мөн тус хугацаанд компани санхүүгийн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авалтад нийт $3.8 тэрбум зарцуулж, хөрөнгийн зарим хэсгийг $3.1 тэрбумд зарсан ч цэвэр дүнгээр мөнгөн гүйлгээ сөрөг үлджээ.
Кока-Кола 2025 оны 3‑р улирлаас эхлэн америк элсэн чихрээр амталсан Кола-г АНУ‑д нэвтрүүлэх бөгөөд энэ нь брэндийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлэх шинэ алхам болж байна. Мөн Fanta‑гийн шинэ жимсний төрөл бүрийн амт бүхий бүтээгдэхүүнүүд гарч сонирхлыг нэмэгдүүлж байна.

Америкийн батлан хамгаалахын томоохон компани болох General Dynamics компанийн 2025 оны хоёрдугаар улирлын орлого 13 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн. Үйл ажиллагааны ашиг 1.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 12.9 хувийн өсөлттэй гарчээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 3.74 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өссөн. Үйл ажиллагааны ашигт ажиллагааны түвшин буюу margin нь 10 хувь болсон нь өмнөх улирлаас 30 суурь нэгжээр сайжирсан байна. Компанийн дөрвөн үндсэн сегмент бүгд орлого, ашгийн өсөлт үзүүлсэн бөгөөд нийт margin нь хагас жилийн байдлаар 50 суурь нэгжээр өсжээ. Компанийн үйл ажиллагаанаас бий болсон бэлэн мөнгө 1.6 тэрбум ам.доллар болсон нь цэвэр ашгийн 158 хувьтай тэнцсэн өндөр үзүүлэлт байв.
2 улиралд GD нийт 402 сая ам.долларын ногдол ашиг тарааж, 198 сая ам.долларыг хөрөнгө оруулалтад зарцуулсан бөгөөд нийт өр төлбөрөө 897 сая ам.доллароор бууруулсан. Улирлын эцэст компанийн нийт өр 8.7 тэрбум ам.доллар, харин бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 1.5 тэрбум ам.доллар байв.
Захиалгын нийт дүн 28.3 тэрбум ам.доллар хүрч, компанийн нийт захиалга (backlog) 103.7 тэрбум ам.доллар болсон. Хамгийн өндөр захиалгатай сегментүүд нь “Агаарын тээвэр” болон “Тэнгисийн цэргийн” салбарууд байсан бөгөөд book-to-bill харьцаа 2.2:1 буюу орлогоос 2 дахин их захиалга авчээ. Нэмэлт гэрээний боломжуудыг тооцвол компанийн нийт гэрээний боломжит дүн 161.2 тэрбум ам.долларт хүрч байна.

IBM компанийн 2025 оны хоёрдугаар улирлын орлого 17 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн бөгөөд энэ нь шинжээчдийн таамаглалыг давсан үзүүлэлт байлаа. Цэвэр ашиг нь 2.2 тэрбум ам.долларт хүрч, 20 хувиар өссөн бол нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2.80 ам.доллар болж, Bloomberg-ийн таамагласнаас өндөр гарсан. Чөлөөт мөнгөн урсгал улирлын хугацаанд 2.8 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 0.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Компанийн нийт бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 15.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны эцсээс 700 сая ам.доллараар өссөн. Генератив хиймэл оюун ухаантай холбоотой бизнесийн хэмжээ 7.5 тэрбум ам.доллар давсан нь зах зээл дэх гол давуу талаа харуулж байна. Программ хангамжийн орлого 10 хувиар, зөвлөх үйлчилгээний орлого 3 хувиар, харин дэд бүтцийн орлого 14 хувиар тус тус өссөн. Ялангуяа IBM Z серверийн орлого 70 хувиар өссөн нь дэд бүтцийн сегмент дэх гол томоохон тоглогч болсныг харуулж байна.
Компани бүтэн жилийн чөлөөт мөнгөн урсгалын таамгаа 13.5 тэрбум ам.доллароос дээш болгон шинэчилж, хөрөнгө оруулалт болон ногдол ашиг өгөх чадвараа бататгав. Валютын хэлбэлзлийг тооцохгүйгээр 2025 онд нийт орлогын өсөлт дор хаяж 5 хувь байна гэж таамаглаж байна. IBM 1916 оноос хойш тасралтгүй ногдол ашиг олгож ирсэн бөгөөд энэ улиралд ч хувьцаа эзэмшигчдэд $1.68-ийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн.
Хэрэв та эдгээр компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл 88030543 дугаарт холбогдон, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш өсөлттэй байна. Тодруулбал, засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.02-1.05 хувиар өссөн байна.
Тэгвэл компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш нь 0.20-3.48 хувиар өссөн байна. Харин ХХБ-ны бондын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.38 хувиар суларсан байна.
Засгийн бондууд дундаас Улаанбаатар хотын бонд хамгийн өндөр буюу 1.05 хувиар өссөн бол компанийн бондууд дундаас MMC бонд 3.48 хувиар өссөн байна.


Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.495-6.81 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 6.135-12.63 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.63 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.
Хэрэв та ам.долларын бондод хөрөнгө оруулахыг хүсвэл доор байрлаж буй мэдээлэл авах товч дээр дарж форм бөглөнө үү. Мөн манай компанийн 75107500 болон 89022491 дугаарын утсаар холбогдоорой.