- Apex Capital
- Posts
- Tech sell-off & risk-on 📊
Tech sell-off & risk-on 📊
Гадаад зах зээлийн судалгаа #50

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар технологийн томоохон компаниудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

☎️ АНУ–Хятад: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярилцаж, хоёр улсын хоорондын худалдааны харилцаа, Тайванийн асуудал, мөн Ирантай холбоотой бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Яриа хэлэлцээний үр дүнд Доналд Трамп 2026 оны 4 сард Бээжин хотод албан ёсны айлчлал хийхээр тохиролцсон нь хоёр талын харилцааг зөөлрүүлэх дохио болж байна.
⏳АНУ–Иран: Энэ баасан гарагт АНУ болон Ираны талууд Ойрх Дорнодын Оман хотод дээд хэмжээний уулзалт хийхээ албан ёсоор мэдэгдлээ. Уулзалтын гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, хориг арга хэмжээний ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх төлөвтэй байна. Хэрэв талууд тодорхой хэлцэлд хүрвэл:
Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл буурах,
Нефтийн нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжрах,
Түүхий нефтийн үнэ сулрах магадлалтай. Эсрэгээрээ хэлэлцээ үр дүнгүй дуусвал нефтийн зах зээлд үнэ өсөх дарамт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлд савлагаа өсөх эрсдэлтэй.
📊 Технологийн салбар: АНУ-ын технологийн томоохон компаниуд улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, орлого болон ашиг нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлттэй гарлаа. Гэвч хиймэл оюун ухаантай холбоотой зарим компаниуд ирэх улирлуудын орлогын хүлээлтээ бууруулав. Мөн хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын өндөр зардлын үр ашиг хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүй, зар сурталчилгааны зах зээлийн өсөлт удааширч буй байдал, дэлхийн макро эдийн засгийн тодорхойгүй байдал зэргээс үүдэн хөрөнгийн зах зээл, тэр дундаа технологийн компаниудын хувьцаа сүүлийн өдрүүдэд уналттай арилжаалагдаж байна.
📱 Apple(AAPL)-ийн санхүүгийн жилийн 2026 оны I улирлын тайлангийн тойм

📊Нийт орлого: 16%-ийн өсөлт үзүүлж $143.76 тэрбумд хүрч, Wall Street-ийн таамгаас өндөр гарсан үзүүлэлт
💰Цэвэр ашиг: $42.10 тэрбум болж 15.87%-иар
🧮Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $2.84 хүрч, 19%-иар өмнөх оны мөн үеэс тус тус өсөлт үзүүлэв.
📌Орлогын сегментүүдийн онцлох үзүүлэлтүүд:
iPhone утасны орлого $85.27 тэрбумд хүрч 23%-иар өссөн бөгөөд iPhone 17📱-ын өндөр эрэлт өсөлтийн гол хүчин зүйл болов.
Үйлчилгээний орлого 14%-иар өсөж түүхэн дахь хамгийн өндөр орлого олов. Тухайн сегментэд App Store, Apple Music, iCloud, Apple Pay, Apple TV+ зэрэг үйлчилгээнүүд багтана.
📊 Зах зээлийн үзүүлэлтүүд:
Хятад дахь борлуулалт 38%-иар өсөж нийт орлогын 17 орчим хувийг бүрдүүлж байна.
IPhone 17 📱 нь энэ улирлын гол хөдөлгөгч хүчин зүйл болж, хамгийн их борлуулалттай iPhone загвар гэж Tim Cook тодорхойлов. Дэлхийд 2.5 тэрбум идэвхтэй Apple-ийн төхөөрөмж ашиглагдаж байгаа бөгөөд дэлхийн ухаалаг утасны зах зээлийн 20%-ийг эзэлж байгаа нь өмнөх оноос 2%-иар өсөв.
📍Ирээдүйн төлөв:
Санах ойн чип(Memory chip) дутагдал: Tim Cook дурдсанаар санах ойн чипны нийлүүлэлт болон үнэ нь дараагийн улиралд ашигт нөлөөлж болзошгүй хэмээв.
AI болон Siri: Apple нь Google-ийн Gemini AI-г ашигласан шинэ Siri-ийг 2026 онд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь AI-ын боломжийг өргөж, үйлчилгээний өсөлтийг хадгалах түлхэц болж чадна.
Alphabet 2026 онд AI-тай холбоотой төслүүдэд $175–$185 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ 💸

📒 Alphabet улирлын тайлангаараа ашиг, орлогын таамгийг давсан ч 2026 онд хийх хөрөнгө оруулалтын зардлаа зах зээлийн хүлээлтээс өндөр түвшинд зарласнаар хувьцаа нь арилжааны дараах цагт огцом савлалаа. Энэ нь технологи, ялангуяа AI-тай холбоотой хувьцаанууд өндөр үнэлгээ, асар их зардлын улмаас дарамтад орсон үетэй давхцаж байна.
🤑 Alphabet 2026 онд дата төв, чип, AI модель, платформуудад зориулж $175–$185 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн нь шинжээчдийн $120 орчим тэрбумын таамгаас хавьгүй их байв. Зах зээл энэ хэмжээний хөрөнгө оруулалтын зардал нь S&P 500-ийн ихэнх компаниудын зах зээлийн үнэлгээнээс өндөр байна.
🧠🤖 Жилийн нийт орлого анх удаа $400 тэрбумыг давсан нь компанийн хувьд түүхэн амжилт болов. Гүйцэтгэх захирал Сундар Пичай Gemini 3 AI модель, Apple-тай хийсэн хамтын ажиллагаа, мөн Gemini апп-ын хэрэглэгчийн огцом өсөлтийг онцолж, AI-д суурилсан өсөлтийн эрч хүч хэвээр байгааг дурдсан.
📊 Бизнесийн сегментүүдээс Google Cloud хамгийн өндөр өсөлттэй хэвээр байж, орлого нь 48%-иар нэмэгдэн $17.66 тэрбумд хүрлээ. Үүний зэрэгцээ үндсэн Google Services (хайлт, сурталчилгаа, YouTube, Android гэх мэт) 14%-ийн өсөлттэйгөөр $95.86 тэрбумын орлого олсон байна. Харин бусад сегментийн хувьд харьцангуй сул байж, орлого нь 7.5%-иар буурсан. Нийт дүнгээр Alphabet AI-ийн давлагааг ашиглан урт хугацааны өсөлтөө хадгалах байр сууриа улам бататгаж байна.
AMD-ын орлого Хятадын зах зээлээс хэт хамааралтай юу?

📊AMD-ийн хувьцаа Лхагва гарагт огцом унасан нь компанийн ирэх улирлын орлогын таамаг зах зээлийн хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой. 2025 оны IV улиралд AMD ашиг, орлогын хувьд шинжээчдийн таамгийг давсан ч 2026 I улиралд орлого өмнөх улирлаас ойролцоогоор 5%-иар буурна гэж чиглэл 🧿 өгсөн нь сөрөг мэдээ байлаа. Үүн дээр технологийн томоохон хувьцаануудыг зарах “sector rotation” давхцсанаар AMD-ийн хувьцаа нээлтийн дараа 12.8%-иар унаж 📉, NASDAQ-ийн хамгийн их уналттай хувьцаануудын нэг болов.
🚨 AMD нь CPU, GPU болон AI-д ашиглагддаг өндөр хүчин чадлын чип үйлдвэрлэдэг томоохон компани бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар AMD-ийн тайлан сайн байсан ч AI борлуулалтын өсөлт 🇨🇳 Хятадын зах зээлээс хэт хамааралтай, мөн OpenAI зэрэг том хэрэглэгчдийн эрэлт сүүлийн саруудад саарч байгаа нь болгоомжлол үүсгэжээ.
📊 Дата төвийн бизнес хамгийн өндөр өсөлтийг үзүүлж $5.4 тэрбумын орлого олсон бол хэрэглэгч болон тоглоомын сегмент мөн хүчтэй өссөн. Компани 2026 онд EPYC, Ryzen процессор болон AI дата төвийн бизнесээр өсөлтөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Энрике Лорес PayPal-ийг аварч чадах уу?

📉 PayPal-ийн хувьцаа гүйцэтгэх захирал Алекс Крисс огцорч, түүний оронд HP-ийн захирал Энрике Лорес 3-р сарын 1-нээс томилогдохоор болсны дараа ойролцоогоор 18%-иар огцом унав. Сүүлийн нэг жилийн хугацаанд аль хэдийн 40 гаруй хувиар унаад 📉 байсан хувьцаа ийнхүү 52 долоо хоногийн доод түвшиндээ дөхөж, 2017 оноос хойших хамгийн доод үнэтэй ойролцоо арилжаалагдаж байна.
🚨 Компанийн 2025 оны IV улиралын тайлан ашиг, орлого зэрэг гол бүх үзүүлэлтээр зах зээлийн хүлээлтэд хүрээгүй бөгөөд 2026 оны чиглэл нь шинжээчдийн таамгаас нэлээд доогуур гарлаа. Энэ нь PayPal цахим төлбөрийн зах зээлд өрсөлдөгчдөдөө байр сууриа алдаж байгааг илтгэж байна. Ялангуяа брэндтэй төлбөрийн шийдлүүдийн гүйлгээний өсөлт валютын нөлөөг хассан тооцоогоор ердөө 1% болж саарсан нь өмнөх жилүүдийн тогтвортой өсөлтөөс эрс ялгаатай байв.
Merck & Co., Inc. үйл ажиллагаагаа тэлсээр 💊📈

2025 он Merck & Co., Inc.(MRK) компанийн хувьд дэлхийн хэмжээнд төрөлжсөн эм, вакцин, эмнэлгийн шийдлүүдийн судалгаа хөгжүүлэлтээ нэмэгдүүлж, клиник болон зохицуулалтын олон түвшний бодит ахиц гаргасан жил байлаа.
Санхүүгийн тойм
📊 Орлого: 4-р улирлын орлого $16.4 тэрбум болж, бүтэн жилийн орлого $65 тэрбум хүрэн өмнөх оноос 1% өсөв.
💰Цэвэр ашиг: $18.25 тэрбум болж, өмнөх оноос 6.6% өсөв.
🧮Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): 4-р улирлын EPS $1.19 болж буурсан хэдий ч, бүтэн жилийн EPS $7.28 хүрч өмнөх оноос өсөв.
🧿 2026 оны төлөв: Нийт орлогын хүлээлт $65–$67 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашиг $5.00–$5.15 байх төлөвтэй гэж компанийн зүгээс тайлагнав.
💊Үйл ажиллагаа: Merck 2025 онд III шатны 18 судалгаанаас эерэг үр дүн гаргаж, 21 шинэ III шатны судалгаанд өвчтөнүүд дээр эмчилгээ эхлүүлсэн. Одоогоор нийт 80 орчим III шатны судалгаа үргэлжилж байгаа бөгөөд эдгээр нь зүрх судлал, амьсгалын замын эмгэг, халдварт өвчин зэрэг өргөн хүрээг хамарч байна.
🫱🏻🫲🏽Стратегийн хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа: Клиник туршилтын цар хүрээг тэлэх, зохицуулалтын ахицыг түргэсгэх зорилгоор Merck нь хамтын ажиллагаа, стратегийн хэлцэл, өрсөлдөгч компаниудаа өөртөө нэгтгэх ажлуудаа идэвхитэй үргэлжлүүлж байна.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



