• Apex Capital
  • Posts
  • 🍾✨ Айлаас эрэхээр авдраа уудлах 2026 он

🍾✨ Айлаас эрэхээр авдраа уудлах 2026 он

Хувийн санхүү хийгээд компанийн зорилгод тань тусалъя

Бүтэн жилийн турш хийж бүтээсэн, алдсан оносон зүйлсээ дүгнэдэг 12 сарын нэгэн өдрийн мэндийг хүргэе. Манай улсын хүн амын ердөө 2 хувь нь арилжаанд оролцож, хөрөнгө оруулалт хийдэг нь бусад улстай харьцуулахад тийм ч өндөр үзүүлэлт биш ажээ. Тодруулбал МХБ дээр нийт хувьцааны арилжаа эхний гурван улиралд 144.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.6 хувиар, 2021 оны мөн үетэй харьцуулахад 22.2 хувиар тус тус буурсан байна. Түүнчлэн энэ онд хөрөнгө оруулагчдын хийсэн арилжааны дүн сүүлийн 5 жилийн хамгийн бага үзүүлэлттэй нь болж байгаа юм. Эдгээрээс харахад хүмүүсийн хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэнэ гэсэн “итгэл үнэмшил” жилээс жилд буураасаар л байна. Дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс “жинхэнээсээ” ашиг хүртэх боломж бий юу?

2025 онд бондод хөрөнгө оруулах нь хамгийн эрсдэл багатай, өгөөжтэй сонголт байв.

Монголын хөрөнгийн бирж дээр гарсан сүүлийн 10 IPO буюу хувьцаагаа олон нийтэд санал болгож ХК болсон 10 компанийн дундаж өгөөж он гарснаас хойш -2 хувьтай байна. Эдгээрээс 6 компанийн хувьцаа уналттай буюу хөрөнгө оруулсан нөхцөлд алдагдалтай, 4 нь өсөлттэй байгаа юм. Гэвч хамгийн өндөр өгөөж нь 16 хувь байгаа нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын хүлээлтэд хүрэхгүй дүн болжээ. Үүний нөлөөллөөр МХБ-ын арилжааны 56.7 хувийг компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүрдүүлсэн байна. Тус үнэт цааснуудын өгөөж нь тодорхой, эрсдэл багатай гэдгээрээ онцлог юм.

2025 он гарахад ердөө 7 хоног үлдсэн энэ үед хөрөнгө оруулагчид өнгөрч буй жилийн эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх нөлөөллөөс суралцаж 2026 оны хувийн санхүүгээ зөвөөр төлөвлөх хэрэгтэй. Оны эхээр 10 хувьд хадгалагдаж байсан бодлогын хүү инфляцын өсөлтөөс шалтгаалан 12 хувьд хүрч эдийн засагт мөнгөний нийлүүлэлт буурав.

Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд хийгээд иргэд ч бүсээ чангалж, хөрөнгө оруулалтаа хойшлуулахад хүрсэн билээ. Нэг талд бизнесийн өсөлт нь зогссон хувьцаат компаниуд нөгөө талд хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр инфляцаас хөрөнгөө эрсдэл багатайгаар хамгаалах гэсэн хөрөнгө оруулагчидтай зах зээлийн арилжаа буурахаас өөр гарцгүй юм. Ийм нөхцөл байдалд аж ахуйн нэгжүүд IPO хийж санхүүжилт татах нь тухайн компанийн үнэлгээ буурах, хөрөнгө оруулагчдын итгэл бага байгаатай холбоотойгоор шаардлагатай санхүүжилт бүрдэхгүй байх эрсдэлүүд бий. Товчхондоо дотоодын хөрөнгийн зах зээлд оролцогчдын “итгэл”-ийг нэг өглөө хэн нэгэн хулгайлаад авчхаагүй, энэ бол эдийн засагтай холбоотой томоохон хүчин зүйлсийн нөлөөлөлтэй холбоотой байгаа юм.

Ирэх жилд хүлээлт өөр байна.

2025 оны эхний гурван улирлын байдлаар ДНБ-ний өсөлт 5.9 хувь гарсан бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан нарын төсөөллөөс бага үзүүлэлт болсон байна. Түүнчлэн экспортын гол түүхий эд, төсвийн орлогын чухал эх үүсвэр болох нүүрсний ханш 2025 онд 45.25 ам.доллар буюу оны эхэн үеэс 35 орчим хувиар унасан нь төсвийн алдагдалд хүргээд байгаа.

2026 онд АХБ, ОУВС, Дэлхийн банк болон Монголын Засгийн газрын таамгийн нийтлэг үзэл нь ОюуТолгойн газрын доорх уурхайн олборлолт тогтворжиж, зэс-алтны экспорт өсөж, боомтын дэд бүтэц сайжирснаар эдийн засаг өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Ийм сэргэлт нь компаниудын ашиг, зээлжилт, мөнгөний урсгалыг нэмэгдүүлж хөрөнгийн зах зээлийн идэвхийг өсгөх бөгөөд инфляц саарах, бодлогын хүү буурах боломж нэмэгдэхийн хэрээр дундаас урт хугацааны бонд, IPO болон хөрөнгө таталтын зах зээл сонирхолтой болох төлөвтэй байна.

Ирэх оны төлөв байдал эерэг дүр зурагтай байгаа нь МУ-ын экспортын түүхий эдийн өсөлт болон зээлжих зэрэглэл сайжирсан буюу эдийн засгийн голлох тоонууд тогтвортой байгаад оршиж байна. Тодруулбал экспортын голлох түүхий эд нүүрсний экспортын хэмжээ ирэх жил хэвээр хадгалагдах бол үүний дээр Оюутолгойн олборлолтын өсөлтийн үр дүнд 1.9 сая тонн зэсийн баяжмал БНХАУ-руу нийлүүлэхээр улсын төсөвт тусгагдсан. Мөн 2025 онд МУ-ын урт хугацаат зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг B2 зэрэглэлээс B1 болгон сайжруулсан бөгөөд эзийн засгийн төлөв байдлыг тогтвортой гэж дүгнэсэн байгаа юм. Ингэснээр манай улсад гадаад санхүүжилтийн өртөг буурч зээлийн эх үүсвэр нэмэгдэх хүлээлттэй байна.

Эцэст нь дүгнэхэд ирэх онд аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэж, хүү буурахтай холбоотойгоор бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ингэхдээ IPO болон өрийн бичиг буюу бонд гаргах тохиромжтой цаг үед ирж байгаа бол хөрөнгө оруулагчид хувийн санхүүгээ ухаалгаар удирдаж хөрөнгийн зах зээлд анхаарлаа хандуулах оновчтой цаг мөч ирэхээр байна. 2025 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн SPY болон БНХАУ-ын CSI 300 индексүүд өсөлттэй байсан бол 2026 онд дотоодын хөрөнгийн зах зээл өгөөжтэй байх хүлээлттэй байгаа юм. Айлаас эрэхээр авдраа уудлах жил биднийг хүлээж байна.