• Apex Capital
  • Posts
  • Геополитик зах зээлийг савлуулж, Азийн эдийн засагт дарамт нэмэгдүүлж байна 🌏

Геополитик зах зээлийг савлуулж, Азийн эдийн засагт дарамт нэмэгдүүлж байна 🌏

Гадаад зах зээлийн судалгаа #56

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар геополитикийн нөхцөл байдал, компаниудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

АНУ-аас хийсэн хэлэлцээрийн санал 🌍
АНУ–Ираны хоорондын зөрчилдөөн 4 дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа энэ үед АНУ-ын зүгээс мөргөлдөөнийг дуусгах 🛑 зорилготой 15 заалт бүхий шаардлагыг Пакистан 🇵🇰 улсаар дамжуулан Иранд 🇮🇷 хүргүүллээ. Уг шаардлагад дараах гол нөхцлүүд багтсан байна:

  • Ираны цөмийн ☢️ 3 үндсэн байгууламжийг үйл ажиллагааг зогсоох

  • Уран баяжуулах үйлдвэрлэлийг бүрэн зогсоох 🚫

  • Ормузын хоолойг нээх 👐🏻

  • Олон улсын атомын энергийн агентлаг(IAEA)-ийн хяналт, шалгалтыг бүрэн хэмжээнд нэвтрүүлж, цөмийн хөтөлбөрт олон улсын хяналтыг бэхжүүлэх 🗺️

Харин Ираны зүгээс уг шаардлагыг “үндэсний ашиг сонирхолд нийцэх эсэхийг авч үзэх боломжтой” гэж мэдэгдсэн ч албан ёсны хэлэлцээр хийхээс татгалзаж, улмаар шаардлагыг хүлээн авахгүй байр сууриа илэрхийллээ.

АНУ-ын “Б хувилбар”
Хэлэлцээр бүтэлгүйтэх нөхцөлд АНУ дараагийн шатны арга хэмжээг авч эхэлж байна. Пентагоноос Конгресст хандан Ирантай холбоотой цэргийн 🪖 ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор $200 тэрбумын 💰 төсөв хүссэн байна.
Мөн АНУ Ойрх Дорнодын бүс нутаг руу ойролцоогоор 3,000 цэргийн 🪖 нэмэлт хүч байршуулсан нь нөхцөл байдал цаашид хурцдах эрсдэл өндөр байгааг илтгэж байна.

Дүгнэлт: Хоёр улсын хоорондын зөрчил ойрын хугацаанд намжихгүй төлөвтэй байгаа бөгөөд геополитикийн эрсдэл нэмэгдсэн 📈 хэвээр байна. Үүний шууд нөлөө нь дэлхийн эрчим хүчний зах зээлд илэрч, ялангуяа Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны тээвэрлэлт буурснаар Азийн орнуудын эдийн засагт дарамт үүсгэж байна.
Тус хоолойгоор дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20% орчим тээвэрлэгддэг бөгөөд тухайн тээвэрлэлтийн 80% орчим нь Азийн зах зээл рүү чиглэдэг тул нийлүүлэлтийн доголдол нь бүс нутгийн инфляц болон эрчим хүчний зардалд шууд нөлөөлөх эрсдэлтэй ⚠️ байна.

🛢️ Газрын тосны фьючерс ханшийн өөрчлөлт
Доналд Трамп БНХАУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлууллаа.

Анх гуравдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн энэхүү айлчлал нь Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан 2026 оны 5-р сарын 14–15-ны өдрүүдэд болж хойшлогдсон талаар албан ёсоор мэдэгдэв.

Erdene Resource Development Corporation (TSX: ERD; MSE: ERDN; OTCQX: ERDCF) – 2025 оны гүйцэтгэлийн тойм

💰 Орлого:

  • Тус компани 2025 оны 9 дүгээр сараас алтны олборлолтоо эхлүүлж, тайлант хугацаанд 7,434 унц алт, 2,634 унц мөнгө үйлдвэрлэн, борлуулсан байна.

  • Борлуулалтын дундаж үнэ нь нэг унц алт $4,187, нэг унц мөнгө $54 байсан бөгөөд нийт $31 саяын орлого бүртгэгдсэн байна.

💸 Зардал ба ашигт ажиллагаа:

  • Бүтээн байгуулалтын зардал: Нийт $120 сая зарцуулсан нь төслийн нийт төсвийн ойролцоогоор 20%-ийг бүрдүүлж байна.

  • Цэвэр ашиг/алдагдал: Тайлант хугацаанд $8.18 саяын цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 0.91%-иар буурсан үзүүлэлттэй байна.

  • Хайгуул, үнэлгээний зардал $2.45 сая хүрч, өмнөх оны мөн үеэс 32.15%-иар өссөн бөгөөд энэхүү зардлын өсөлт нь шинээр эзэмшихээр төлөвлөж буй төслүүд болон Зуун мод, Хөвөн хар төслүүдийн хайгуул, үнэлгээтэй холбоотой.

  • Корпорац болон удирдлагын зардал $4.0 сая болж, өмнөх оноос 20.72%-иар буурсан. Энэ нь 2024 онд стратегийн хамтын ажиллагаатай холбоотой нэг удаагийн өндөр зардал гарсантай холбоотой.

🌟 Оны онцлох үйл явдлууд

  • 2025 оны 9 дүгээр сард 6:1 харьцаатай хувьцааны нэгтгэл хийсэн.

  • Шинэ төсөл: Тэрэг Уул зэс, алтны төсөлд 80% хүртэл эзэмших боломжтой опцион гэрээ байгуулсан.

  • Санхүүжилт: 2026 оны 2 дугаар сард нэгж хувьцааг CAD $8.9-оор үнэлж, нийт ойролцоогоор $28.75 саяын санхүүжилт татсан. Уг хөрөнгийг 100% эзэмшлийн төслүүд болон ирээдүйн худалдан авалт, хайгуулын ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн.

🧐 Дүгнэлт: Эрдэнэ Ресурс нь 2025 онд анхны алт олборлолтоо эхлүүлсэн нь компанийн хувьд стратегийн чухал эргэлтийн үе шат болж байна. Алтны үнийн өндөр түвшин нь орлогын өсөлтөд дэмжлэг үзүүлж байгаа бол, олборлолт эхэлснээр компани хайгуул, хөгжүүлэлтийн шатнаас олборлолтын шат руу шилжилтийг амжилттай хийж эхэлсэн байна.
📊 Хувьцааны гүйцэтгэлийн хувьд 2025 онд Канадын Торонтогийн бирж дээр 134%-иар 📈, Монголын хөрөнгийн бирж дээр 114.7%-иар 📈 тус тус өссөн бол 2026 он гарснаар Торонтогийн бирж дээр 25%-иар, Монголын хөрөнгийн бирж дээр 11.76%-иар тус тус бууралттай 📉 арилжаалагдаж байна.  Энэхүү бууралтад алтны үнийн хэлбэлзэл, мөн анхны олборлолтын дараах ашиг хэрэгжүүлэх болон засвар хөдөлгөөнүүд нөлөөлж байгаа гэж үзэж байна.

Alibaba-ийн ирээдүй: Зардал уу, эсвэл инноваци уу? 🤔

Alibaba Group 2026 оны 3-р сарын 19-нд 2025 оны 12-р сараар дууссан улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Энэхүү тайлан нь компанийн өсөлт саарч, ашиг буурсан 📉 хэдий ч хиймэл оюун ухаан 🤖 болон cloud ☁️ бизнес нь ирээдүйн өсөлтийн гол чиглэл болж байгааг харуулсан онцлогтой байв.

Тус улиралд Alibaba-ийн орлого ойролцоогоор 284.8 тэрбум юань ($41.3 тэрбум) хүрч, жилийн дүнгээр ердөө 1.7–2% өсөлттэй 📈 гарсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур 📉 үзүүлэлт болсон байна. Энэ нь компанийн үндсэн цахим худалдааны бизнесийн өсөлт мэдэгдэхүйц саарч 📉 байгааг илтгэж байгаа бөгөөд хэрэглээ сул, өрсөлдөөн ширүүссэн орчинд ажиллаж байгааг харуулж байна.

Харин ашигт ажиллагааны хувьд цэвэр ашиг ойролцоогоор 15.6–16.3 тэрбум юань ($2.2–$2.3 тэрбум) болж, өмнөх оны мөн үеэс 66% буурсан 📉 байна. Ашиг огцом буурсан гол шалтгаан нь:

  • Хямдрал, урамшууллын зардал нэмэгдсэн 📈

  • Түргэн хүргэлт (instant delivery) болон шинэ бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсэн 💸

  • Зах зээл дээрх “price war” буюу үнийн өрсөлдөөн ширүүссэн зэрэг хүчин зүйлс байв.

Компанийн e-commerce сегмент сул байгаа ч cloud ☁️ болон AI 🤖 чиглэл харьцангуй хүчтэй өсөлт 📈 үзүүлсэн. Ялангуяа Alibaba Cloud-ийн орлого 36% өссөн🚀, AI бүтээгдэхүүнүүд олон улирал дараалан гурван оронтой өсөлт 🚀 үзүүлсэн нь онцлох үзүүлэлт болов. Удирдлагын зүгээс AI-г цаашдын өсөлтийн хамгийн чухал чиглэл гэж тодорхойлж, энэ салбарт илүү төвлөрөх 🤔 стратеги баримталж эхэлсэн байна.

Гэсэн хэдий ч зах зээл энэхүү тайланд эерэг хариу үзүүлсэнгүй . Орлого хүлээлтээс доогуур, ашиг огцом буурсантай холбоотойгоор хувьцааны үнэ богино хугацаанд буурсан 📉 бөгөөд хөрөнгө оруулагчид AI-ийн өсөлт нь богино хугацаанд бусад бизнесийн сулралыг нөхөж чадах эсэхэд эргэлзэж байна.

PDD Holdings: Өсөлт удааширсан ч ашигт ажиллагаа тогтворжиж байна 📊 

PDD Holdings 2026 оны 3-р сарын 25-нд 2025 оны дөрөвдүгээр улирал болон бүтэн жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Энэхүү тайлан нь компанийн сүүлийн жилүүдийн өндөр өсөлтөөс илүү тогтвортой, ашигт ажиллагаанд төвлөрсөн шат руу шилжиж байгааг харуулсан онцлогтой байв. Орлогын өсөлт өмнөх үеүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээнд саарч 📉 байгаа ч компанийн зардлын удирдлага сайжирч , ашигт ажиллагаа илүү тогтвортой болсон нь анхаарал татлаа.

Тайлангаас харахад хамгийн чухал өсөлтийн гол хүчин зүйл нь Temu платформ 🖥️ юм. Temu нь АНУ 🇺🇸 болон Европын 🇪🇺 зах зээлд маш хурдтай тэлж, хэрэглэгчийн баазаа эрчимтэй нэмэгдүүлж 🚀 байна. Гэвч энэхүү олон улсын өргөжилт нь маркетинг болон логистикийн өндөр зардал дагуулж байгаа тул богино хугацаанд ашигт ажиллагаанд тодорхой дарамт үзүүлсээр байна.

Нөгөө талд, Хятадын 🇨🇳 дотоод зах зээл сул хэвээр байгаа нь компани ашигт ажиллагаанд шууд нөлөөлж байна. Хэрэглэгчид илүү хэмнэлттэй худалдан авалт руу шилжиж байгаа нь PDD-ийн хямд үнэ дээр суурилсан бизнес моделд тодорхой давуу тал болж байгаа ч нийт зах зээлийн өсөлтийг хязгаарлаж байна. Үүний улмаас компанийн дотоод орлогын өсөлт өмнөх жилүүдээс удаашрах хандлагатай байна.

Мөн салбар дахь өрсөлдөөн ширүүссэн хэвээр байна. Alibaba болон JD.com зэрэг томоохон компаниудтай үнэ болон хэрэглэгч татах тал дээр хүчтэй өрсөлдөөн өрнөж ⚔️ байгаа нь зах зээл дээр үнийн дарамт бий болгож, ашигт ажиллагааны маржинд сөргөөр нөлөөлж байна.

Ерөнхийд нь дүгнэвэл, PDD-ийн энэхүү тайлан нь компанийн стратегийн шилжилтийг тодорхой харууллаа. Хэт хурдтай өсөлтийн үеэс илүү тогтвортой 📊, урт хугацаанд ашиг авчрах бүтэц рүү шилжиж байгаа бөгөөд цаашид Temu платформоор дамжсан олон улсын 🗺️ тэлэлт нь өсөлтийн гол хүчин зүйл хэвээр байх ч зардал болон өрсөлдөөний дарамт ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰